Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.09.12 17:09
2879
Ирэх онд тонн нүүрсийг 105 ам.доллараар тооцсон нь өөдрөг үнэ биш бас “гутранги” ч биш

Ирэх оны төсвийн төслийг Сангийн яамнаас хуулийн хугацаанд өргөн барихдаа 33.9 их наяд төгрөгийн орлого олж, 35.8 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцсон нь эдийн засагчдын анхаарлыг татаад буй. Учир нь сүүлийн жилүүдэд төсөв хэт томорч, төр данхайж байгаад иргэд болоод эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж буй юм.

Тэгвэл ирэх онд улс маань орлогынхоо дийлэнхийг уул уурхайн экспорт тэр дундаа нүүрснээс бүрдүүлэх нь. Ингэхдээ 83 сая тонн нүүрсийг тонн тутамд нь 105 ам.доллараар борлуулахаар  тооцжээ. Энэ нь одоогийн зах зээлийн 139 ам.доллартай харьцуулахад тэнгэрт тулсан их ч тоо биш гутранги доогуур ч үнэ бишийг сангийн яамнаас хэлсэн. Гэвч бүхэл бүтэн улсын эдийн засаг өөр нэг улсын худалдан авалтаас хараат байгаа цагт эрсдэл байнга бий. 

Гол нь манай улсын эдийн засаг уул уурхайтай холбогдсон цагаас эхлээд  нүүрснээс, урд хөршөөс хараат байгаад л иргэд ихээхэн гутардаг нь нууц биш. Эдийн засгаа солонгоруулах талаар олон жил ярьж байгаа ч одоог хүртэл бодит ажил хэрэг болж чадаагүй л байна.

Зардал талд нь авч үзвэл улсын төсвийн хөрөнгө оруулалт болон зээл тусламжаар зам тээвэрт 24 хувь , дэд бүтэц, орон сууцжуулахад 10 хувь, боловсролд 9 хувь, аж үйлдвэр 7 хувь , эрчим хүч 8 хувь, төрийн үйлчилгээнд 8 хувь тус тус санхүүжүүлэхээр хуваарилжээ. Ирэх онд төсвөөс 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс хамгийн их буюу 3 их наяд төгрөгийг зам тээвэрт, 325 тэрбум төгрөгийг дэд бүтэц, орон сууцжуулахад, 231 тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарт зарцуулахаар тооцжээ.

Энэ удаагийн төсвийн төслийг харахад тойргийн шинжтэй мөнгө хуваарилахаас илүүтэй бүсийн хөгжил рүү чиглэж байгаагаараа онцлог болсныг дурьдсан. Иймдээ ч бүс нутгийг хөгжүүлэх мега 14 төслийг эхлүүлж, үүнтэй холбоотой бүтээн байгуулалт тоног төхөөрөмжийн татварын, хил гаалийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.  Тодруулбал, хувийн ААН нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж санхүүгийн дэмжлэг үзүүлвэл татварын хөнгөлөлт үзүүлнэ. Боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчийн импортолсон тоног төхөөрөмжийн иж бүрдлийн гаалийн татвараас 100 хувь хөнгөлнө, томоохон төслүүдийн ирээдүйн таван жилийн орлогод төлөх татварын 90 хувийг буцаан олгож урамшуулна гэхчилэн томхон төслүүдээ хөдөлгөх, хувийн ААН-үүдийг нийгмийн салбар руу татан оролцуулах  хөшүүргийг оруулж өгчээ.

Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр "14 том төслийн тухай яригдаж байна. Эдгээр төслүүд хэрэгжихэд бэлэн үү гэдгийг эхлээд бид нар маш сайн бодох хэрэгтэй.  14 төслийн бараг 10 гаруй төслийг төсвөөс 100 хувь санхүүжүүлэх тухай яригдаж байна. Энэ нь ахиад л эрсдэл гаргана. Төсвийн орлого тасалдвал, гацах саатах, үр ашиггүй болох, хугацаа алдаж сунжрах зэрэг олон талын эрсдэлүүд бий болно.

Бид гадаадын хөрөнгө оруулалтаа сайжруулахгүй бол ихэнх төслүүдийн санхүүжилт нэг улсаас хамааралтай болоод байна. Одоо яригдаж байгаа төслүүдээ яръя гэхээр нөгөө л нэг улсаас хамааралтай зээл ахиад нэмэгдэнэ гэсэн үг" хэмээн болгоомжилж буй.  

Улсын төсөв хэдийгээр тэлж байгаа нь шүүмжлэлтэй ч төсөв нэг хувиар өсөхөд 500 ажлын байр бий болдог гэх эерэг судалгаа байна. Тэгэхээр одоогийн өргөн барьсан төсвийн хүрээнд ирэх онд шинээр 30 мянган ажлын байр бий болох нь.