Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.09.12 17:50
1713
ЭРХ АШГИЙН ЭРЭМБЭ ТОГТООЁ

Нийслэл хот дотоодын зах зээлээс ₮500 тэрбумын бонд босгож 300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд, Бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төсөлд 50 тэрбумыг, Улаанбаатар хотын авто замын бүтээн байгуулалтад  150 тэрбумыг  зарцуулж буй.

Үүнийг задлан тодруулбал, Ирэх аравдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцад дутагдаад байсан 300 тэрбумыг  дамжуулан зээл хэлбэрээр олгож шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр 150 мега ваттаар шууд нэмэгдэхээр тооцоолсон байдаг.

50 тэрбумаар нь Хятадын хөрөнгө оруулалттай хийгдэж буй шинэ Цэвэрлэх байгууламжийг энэ намар ашиглалтад оруулахаар хүрээнд Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгахад зарцуулж байгаа юм.

Тэгвэл үлдсэн 150 тэрбумыг зам засварт зарцуулж байгаа. Нийт 87 байршилд авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс 27 байршилд ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан гэдэг мэдээллийг албаныхан өгч буй. Үлдсэн 60 байршилд хийгдэх ажлын тухайд хотын дарга иргэдийн санал шүүмжлэлд эгдүүцэж, гомдоллоод ажлыг бүрэн зогсоож, аудитын шалгалт оруулах асуудалд санал асуулга явуулж байна.

Үүнээс авто замын ажлын 150 тэрбумыг задалж үзье.

Дээр дурдсанчлан одоогийн байдлаар хэл амтай, хэрүүл тэмцэлтэйгээр сонгуулийн шуурга дундуур түргэвчилсэн байдлаар 27 байршилд замын ажил бүрэн дууссан ч бондын мөнгө зарцуулалтын хүрээнд хардлага сэрдлэг тасрахгүй хэвээр байгаа юм.

Үүнээс гадна иргэдийн эгдүүцлийг хүргэсэн нэг асуудал нь бондын хөрөнгөөр Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барих ажил байв. Мөн уг байршилд борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийн нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байдаг.

Уг асуудлын хүрээнд иргэд, олон нийт тал талын байр суурийг илэрхийлж буй. Нэг талаараа нүхтийн ам чиглэлд ихэнх газрууд зөвшөөрөлгүй олгогдсон бөгөөд олигархуудын орчин нөхцөлийг нэн тэргүүнд сайжруулахаар төлөвлөж буй нь буруу хэмээн шүүмжлэх нэгэн ч байв. Нөгөө талаараа тухайн орчинд оршин сууж буй иргэд ч мөн адил татвар төлөгч. Тэд ч мөн тав тухтай замаар зорчих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй Монгол улсын иргэн, нийслэлийн оршин суугч юм. Гэвч нүхтийн амд хийгдэх 1,5 км замыг нэн яаралтай засварласан ч дамжин өнгөрөх яармагийн түгжрэл арилах уу гэдэг асуудал ч сөхөгдөнө.

Тэгвэл асуудал юу руу чиглэж байна гэдэг л анхаарал хандуулах чиг юм. Товчхондоо нийслэл хийх ажлаа эрэмбэлэхэд л бий. Нүхтийн амын зам засварын ажил нэгдүгээрт үү, нийт иргэдийн олонх зорчиж буй гол төв замуудыг засах нь нэн тэргүүнд үү гэдгийг л тэд шийдэх ёстой!