Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.13 08:55
3348
Багш сэтэртэй хүчирхийлэгч нарт хариуцлага тооцдог болъё!

Манай улсын хувьд цэцэрлэгийн хүрэлцээ огт хангалтгүй байсан. Харин улсаас шат шатны арга хэмжээ авч харьцангуй сайжирсан боловч хувийн болон улсын цэцэрлэгүүдэд асуудал олон бий. Жишээ нь хүний нялх үрийг зодсон, чанарын шаардлага хангахгүй хоол өгсөн зэрэг асуудлууд үе үе гарсаар л байна. 

Үүний нэг жишээг иргэн "Ц" өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ. 

Тэрээр" Манай охин 2 настай, төлбөр өндөртэй хувийн цэцэрлэгт явдаг. Өглөө зүгээр гараад орой ийм болоод орж ирсэн байна. Багш нь болон дарга нь гэх хүмүүс сандалд нидэрсэн гээд байх юм. Харахад яалт ч үгүй гурван хурууны ор байна,

Камер шүүхэд 12 цаг 30 минутаас 16 цаг хүртэл манай хүүхэд байхгүй байсан. Хариуд нь багшийнхаа хажууд тоглоод хоол идэж байсан гэх тайлбар өгсөн. Шөнө гэнэт гэнэт уйлна, багшийгаа харж чадахгүй болсон.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн анхаарч байхгүй бол их хэцүү болсон байна. Цэцэрлэгт нь явуулахаа болъё доо. Хүүхдүүд унтах цагаар манай хүүхэд уйлаад унтахгүй байсан байна лээ" гэжээ.  

Энэ мэтчилэн асуудлууд гарсаар байвал эцэг эхчүүд хэнд итгэж хүүхдээ цэцэрлэгт хамруулах вэ? Хүүхэд зоддог, айлгадаг багш нарыг шалгаад л өнгөрдөг байдлаа таслан зогсоож хүүхэд хамгааллын тухай хуульд тусгаж өгөх шаардлагатайг эцэг эхчүүд удаа дараа хөнддөг хэдий ч одоог хүртэл хэн ч анхааралдаа аваагүй байна. Аргаа барсан эцэг эхчүүд аль нэг нь ажлаа орхиж хүүхдээ цэцэрлэгээс нь гаргаж, сэтгэл зүйн эмзэг байдалд орсон үрээ өөрсдөө харах сонголтын өмнө нүүр тулж байна...