Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Эл шийдвэрт багш, боловсролын салбарынхан тал талын байр суурьтай байна.
Боловсролын сайд П.Наранбаяр" Энэ журам багшийн дутагдлыг нөхөх зорилготой. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Байгалийн ухаан, англи хэлний багшийн дутагдал өндөр байна. Тухайлбал англи хэл 11 хувь, физик 10 хувь, хими 10 хувь, технологи 9 хувийн багшийн дутагдалтай байна.
Зүгээр гудамжинд алхаж байгаа хүнийг багшаар 45 хоног сургана гэж яриагүй байна. Харин гадаад, дотоодын их сургуульд 2.7 голчоос дээш үнэлгээтэй суралцсан төгсөгчдийг багшлах эрхтэй болгоё гэж шийдсэн.
МУИС-ийг химийн ангиар төгсчхөөд багшлах хүсэлтэй байгаа хүмүүст л зөвхөн багшлах эрхийг нь нээж өгч байгаа. Үүнээс биш үндсэн багш болгох эрхийг нээж өгөөгүй. Хэрэв багшлах эрхтэй хүмүүс цаашид энэ чиглэлээр 4-5 жил үргэлжлүүлэн ажиллана гэвэл цаашид тусгай шаардлага тавина" гэв.
Уг мэдээлэлтэй холбогдуулан Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэлээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр" Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбоонд боловсролын салбарын маш олон багш нар нэгдэж хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалсан байдаг. Сайдын гаргасан тушаал, шийдвэр дээр эсрэг байр суурьтай байгаа. Боловсролын салбар бодлого чиглэл барьж яваагүйн хор уршиг.
Багш болно гэдэг бүтэн 4 жил сураад, сүүлийн 2,3-р курстээ 45 хоног битгий хэл бүтэн жил дадлага хийж орчныг нь мэдэрч байж хүүхдүүдтэй харилцах ур чадвараа сурч байж багш болдог.
Багшийн нэр хүндийг шууд унагаж байна, боловсролынхоо хуульд багшийн нэр хүндийг дээдэлье гэсэн атал үүнийхээ эсрэг бодлого гаргаж байна. Оюуны чадамжийг үнэгүйдүүлж газарт унагаж байна. Цаашид энэ асуудал дээр Засгийн Газрын түвшинд хүртэл нь тэмцэнэ" гэв.
Нэгдүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Цогбаяр" Би хувьдаа энэхүү шийдвэрийг дэмжиж байгаа. Мэдлэг, туршлагатай атал багшлах эрхийг нь өгдөггүй асуудал их гардаг. Гэвч 45 хоногийн гэрчилгээ олгох сургалтад явлаа гээд олон олноороо багшилъя гээд ороод ирэх хүмүүс хэр бол гэдэг эргэлзээтэй. Өнөөдөр багшийн үндсэн цалин 1,4 сая шүү дээ" гэв.