Схд-ын 31-р хороо нь 6200 гаруй хүн амтай ч нэг ч сургуульгүй.
Тэгвэл 31-р хороонд Улсын төсвийн хөрөнгөөр 320 хүүхдийн суудалтай Ерөнхий Боловсролын сургуулийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлсэн ч одоог хүртэл ашиглалтанд оролгүй гацсан байдалтай байна. Үр дүнд нь сурагчид гэрээсээ хоёроос гурван километр зайд алхаж сургуульдаа очиж байна.
Сурагчид:
"Хичээлдээ явахаас цагийн өмнө гэрээсээ гарч сургуульруугаа алхдаг юм. Хол ч гэсэн байнга явсаар байгаад бараг сурчихсан. Өвөл бол даарч хөрөөд, гэрэлгүй газраар явахад хэцүү байдаг. Автобус яваад эхэлсэн учраас алхахгүй амар санагдаж байна. Гэхдээ хоёр л автобус явдаг юм. Заримдаа 30-40 минут автобус хүлээхэд хүндрэлтэй байдаг" гэж байв.
Хүүхдүүд хол замыг найзтайгаа хамт алхаж туулдаг болохоор төвөгшөөдөггүй гэсэн ч тэдний алхдаг зам зарим хэсэгтээ гэрэлтүүлэггүй учраас нохойноос айдаг тухайгаа хэлж байлаа.
Одоогоор сургуульдаа явж буй сурагчдыг чиглэлийн хоёр автобус зөөдөг. Гэвч үйлчлүүлэгчид нь зөвхөн хүүхэд, ахмад настнууд байдгаас уг чиглэлийг зогсоож магадгүй тухай нийтийн тээврийн жолооч бидэнд мэдээллээ.
"Түгжрэлгүй замаар явдаг учраас нэг тойроод ирэхэд 25-30 минут л болдог. Энэ чиглэл ачаалал багатай зөвхөн арван жилийн сурагчид суудгаас гадна зориулалтын зогсоол байхгүй учраас замаар явж байгаа хүүхдүүдээ аваад явчихдаг" гэж байв.
Бид тус хорооны засаг даргаас сургуулийн талаар тодруулахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тэд иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх амлалт өгч, төрд гардаг.
Гэвч бодит байдал дээр хүүхдүүд гэрийнхээ дэргэд сургуульгүй халуунд халж, хүйтэнд хөрж сурах эрх нь зөрчигдсөөр байна.