Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.09.17 11:06
5525
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захирамжийн дагуу байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IV хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 125 тоот захирамжийн дагуу байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IV хуралдаан боллоо. Хуралдаанаар пестицидийн талаар өргөн хүрээнд авч хэлэлцсэн бөгөөд энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар өөрийн санал бодлоо илэрхийллээ. Мөн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр даргалж, пестицидийн асуудал, түүний хэрэглээ, хяналт шалгалт зэргийг хэрхэн шинжлэх ухаанч байдлаар шийдвэрлэх талаар эрдэмтэд, судлаачдын байр суурь, дүгнэлтийг тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шийдэгдэх чухал ажлуудын нэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал юм. Хүн амыг эрүүл, аюулгүй, чанарын баталгаатай хүнсээр хангаснаар улс үндэсний дархлаа цаашлаад үндэсний аюулгүй байдал батжин тогтох учиртай. Иймд Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод буй хүнсний аюулгүй байдлын талаар эрдэмтэн, судлаачид ийнхүү хуралдлаа. Нэн ялангуяа хүнсний аюулгүй байдлын нэг чухал хүчин зүйл болох химийн бодис, хорт бодис пестицидийн талаар нарийвчлан авч үзсэн юм.

Хуралдаанаар ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн хэмжээг тодорхойлох, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох, экологийн цэвэр бүтээгдэхүүн эсэхийг шинжилгээ судалгааны үр дүнгээр нотлох, энэ чиглэлийн судалгаанд холбогдох мэргэжлийн байгууллагууд болон төрөөс онцгой анхаарал хандуулж, мэргэжилтэн болон лабораторийн чадавхыг сайжруулах шаардлагатай зэргийг чухалчиллаа.

Мөн пестицидийн эрсдэлийн талаар газар тариалан эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл, мэдлэг олгох сургалт зохион байгуулах, тэдгээрийг гарын авлага, зөвлөмж, ном сурах бичгээр хангах зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ.

Энэхүү хуралдаанд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Доктор PhD, Профессор Н.Хүрэлбаатар
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Доктор PhD, Профессор Ч.Даваабаяр
  • Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич А.Бакей
  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн Тэргүүлэх ажилтан, Академич Ш.Дэмбэрэл
  • ХААИС-ийн захирал Б.Баасансүх
  • Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн захирал Б. Батцэцэг
  • Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн
  • Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн захирал Н.Баярсүх
  • Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирал Т.Батсүх
  • Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа
  • Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан
  • Хүнсний Эрдэм Шинжилгээ Үйлдвэрлэлийн САМО институтын захирал Г.Оюун
  • ХААИС-ийн Агро экологийн сургуулийн захирал А.Буянбаатар
  • “Хүнсний хувьсгал” ТББ-ийн Гүйцэтгэх захирал М.Болод
  • “Их Үрчин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганзориг
  • ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны дарга В.Мөнгөнсүх
  • ХААИС-ийн багш, Доктор Т.Насанжаргал нар оролцлоо.