Ногоон автобусны хэрэгт холбогдогч хотын орлогч асан Ж.Сандагсүрэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа юм.
Ард түмнээ өлхөн хуурч түрийвчээ зузаалаад сурчихсан дарга нарын тод жишээ бол НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ. Эл хэрэгт Ж.Сандагсүрэн, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Хотын дарга асан Д.Сумьяабазар нарын 24 хүнийг холбогдуулан шалгасан. Бүтэн жил дамнан шалгаж буруутыг хайсаар л байна. Дарга нарын холбогдсон хэрэг мэлхийн хурдаар шалгагдаж замхардаг нь үнэн.
Ж.Сүхбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй, Д.Сумьяабазар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгвэл яллагдагчаар татагдагсдын нэг Ж.Сандагсүрэн СХТ-т нэр дэвшинэ.
Төрийн алба хашиж буй хүмүүс гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгуулж буй нь хувь хүний ухамсар, ёс зүйтэй шууд холбоотой. Гэвч төрийн албыг төрлийн алба, танилын хүрээний талбар болгож буй хүмүүс олон.
Хэдийгээр шалгалтын явцад гэм буруугүй нь тогтоогдох, хэргийг хэрэгсэхгүй болох зэргээр ял шийтгэлгүй өнгөрч байгаа ч аливаа гэмт хэрэгт холбогдсон л бол дахин нэр дэвших, төрийн өндөр албан тушаал хаших зэргээс сайн дураараа татгалзах ёс зүйтэй байх ёстой гэдгийг иргэд ам нэгтэй хэлдэг.
Тэгвэл Яллагдагчаар татагдан шалгагдсан НИТХ-д нэр дэвшигч Ж.Сандагсүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Өөрийн нийт орлого: 251 сая
Орон сууц, барилга байгууламжийн тухайд 2022 онд 295 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшин, хашаа байшинтай байсан бол 2023 онд 86 саяар үнэлэгдэх орон сууцтай гэж мэдүүлсэн байна.
Тээврийн хэрэгсэл: 21 сая
Мал аж ахуй: 60 сая
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж: 76 сая
Таван толгой ХК, Бунгүс бургер ХХК, Өсөлт Консолтинг, Таны инээмсэглэл компаниудаас тус тус хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.