m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.15 03:49
4930
Монгол орны нэн ховор шувууд

Усны цагаан сүүлт бүргэд

Усны цагаан сүүлт бүргэд. Энэ амьтан нь шувууны аймгийн махчин шувуудын баг болох харцгайтны овогт багтдаг. Усны шувууд өндөглөдөг, гуужин зусдаг, загасаар баян, орчиндоо өндөр мод, хадан цохио, бүхий томоохон нуур, гол мөрний дагуу амьдардаг. Манай орны томоохон нуур, гол мөрөн ихтэй нутагт голдуу дулааны улиралд, заримдаа өвөл ч тааралддаг. Манайдд тусгайлан хамгаалах арга хэмжээ аваагүй, ОХУ-ын Улаан номонд орсон.

Гургуул

Гургуул нь шувууны аймгийн тахиа хэлбэртний баг болох гургуулын овогт багтдаг. Элсэрхүү хөрстэй, бургас, зэгс, хусан төгөл, бут өвс, ундааны ус ихтэй, цас бага ордог нутагт амьдардаг. Монголд хоёр салбар зүйлийн гургуул байдаг. P.C. Pallasi Roth салбар зүйл тус орны зүүн хязгаар, Их хянганы салбар уулс, Халх голын шугуй, Буйр нуурын эрэг болон Гүү азарга, Шинэ гол, Эмнэгтийн гол, Хүйтэн булаг, Авдрантын булгийн зэгсэнд тархжээ. Хар ус нуур, Зэргийн хөндий, Бөхмөрөн гол, Ачит нуурын хөвөөгөөр тархсан. Монгол улсын ан агнуурын хуулиар хориглон дархалсан.

Хурган тутгалжин

Хурган тутгалжин нь шувууны аймгийн хөгчүү хэлбэртний баг болох хараалжийн овогт багтдаг. Голын хөндий нуурын эрэг, хөвөөгөөр нүүдлийн үедээ байршдаг. Манайд Халх, Хэрлэн, Улз гол, Буйр, Хайчийн цагаан нуур, Дарьгангын холбоо, Ганга нуур, Орог, Өгийн, Холбоож нуур, Орхон гол, Завхан голын хөндий, Сангийн далай, Эрхэл, хар ус нуурт нүүдлийн үедээ тааралдана. Монголд хамгаалах арга хэмжээ авч байгаагүй, ОХУ-ын Улаан номонд нэр нь орсон. Устах аюулд орсон зэрлэг амьтан, ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн хоёрдугаар хавсралтад нэр нь орсон.

Жороо тоодог

Жороо тоодог нь шувууны  аймгийн тогоруу хэлбэртний баг болох тоодгийн овогт багтдаг. Тэгшивтэр юмуу яльгүй гүвээ толгодтой, заг, хармаг, харгана, зээргэнэ, баглуур, бударгана, мөн сийрэг ургасан хялгана, таанатай говьд амьдардаг.  Манай оронд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутгаас баруун зүгт Увс аймгийн Давст, Малчин сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын урд талын говиор мөн Алтайн өндөр говьд тааралддаг. Олон улсын Улаан номонд орсон. Устах аюулд байгаа зэрлэг амьтан, ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн хоёрдугаар хавсралтанд нэр нь орсон юм байна.