Энэ хичээлийн жилээс эхлэн зарим их сургуулиудын төлбөр нэмэгдсэн. Тэгвэл их сургуулиуд төлбөрөө нэмсэн ч сурах орчин муутай, оюутнуудын наад захын хэрэглээ болсон интернэтийн асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байгаа харагддаг.
Жил бүрийн өдийд хүүхдээ их, дээд сургуульд бүртгүүлсэн эцэг эхчүүд сургалтын төлбөрт санаагаа чилээдэг тул энэхүү сурвалжилгаар тодруулан хүргэж байна.
МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Х: "Үнийн дүн нь нэмэгдсэн ч сургуулийн орчинд өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа юм байхгүй. Завсартай цагаараа суугаад хичээл хийх хэсэг, сул анги танхим байдаггүй нь хүндрэлтэй байдаг юм. Сэрүүн орсон үед номын сан суух ч аргагүй хүйтэн, тухгүй. Хуулийн сургуулийн хичээлийн байр анги тохижилт, ариун цэврийн өрөөнөөс эхлээд маш их асуудалтай байдаг. Жил болгон л нэг хэвэндээ. Өндөр төлбөр авч байгаа бол ядаж интернэтийн асуудлаа шийдчихвэл зүгээр л байна" гэв.
Их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийг сүүлийн жилүүдэд жил бүрийн хэрэглээний үнийн индекс, инфляцын өөрчлөлттэй уялдуулан 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсээр ирсэн байдаг. Гэтэл энэ жил МУИС 50 хувь хүртэл сургалтын төлбөрөө нэмжээ.
Энэ талаар Муис-ийн Сургалт, Хөтөлбөр, Чанарын гүйцэтгэлийн газрын даргаас тодруулахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзав.
МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ц: "Манай зарим найзууд төлбөр нэмэгдсэнээс болж энэ жил сургуульд явж чадалгүй өнжсөн. Ямар шалтгаанаар, юуг сайжруулаад төлбөр нэмсэнг ойлгохгүй л байна. Зарим анги танхимын техникийн төхөөрөмжүүд нь асуудалтай учраас хичээл ороход цаг алдах, орохгүй тохиолдол гардаг. Хүмүүсийн яриагаар бол багш нарын цалинг өсгөх гэж төлбөр нэмсэн гэж байсан. Багш нарын хувьд ерөнхий суурийн хичээл дээр халтуурдсан, нүд хуурсан юм хийгээд байх шиг санагдаад байдаг юм" гэж байв.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2,3 сая төгрөг болсон. Гэвч Монголчууд цалингаас цалин, өрнөөс өрний хооронд өдөр хоногийг аргацааж амьдардаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь бүрдүүлэхээс гадна дотуур байр, унаа, хоолны мөнгө гээд тоочоод байвал зардлууд их. Дурдаад байвал дуусахгүй сургалтын асуудлаар оюутнууд хөндөж, төлбөрөө нэмсэн бол чанараа нэмэх хэрэгтэй талаар хэлж байлаа.