Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2024.09.20 14:55
5732
Боловсролын сайд П.Наранбаярыг эсэргүүцэж буй багш нарын холбооны ард хэн байна вэ?

Багшийн боловсон хүчний дутагдал, 45 хоногийн багшлах эрхийн сургалтаар далимдуулан Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх, Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол багш нар ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулна” гэжээ. Жагсагч байж байгаад, жагсаалтаар сонгогдсон УИХ-ын  гишүүн  Ц.Мөнхтуяагийн арга барил үүнээс “үнэртэж” байна. Түүнийг одоогийн боловсролын сайдыг эсэргүүцээд буй Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо үүсгэн байгуулагч гэдгийг нь мэдэх хүн цөөнгүй. Иймээс боловсролын сайдыг эсэргүүцэж, багш нарыг уриалан дуудаж байна уу гэж хардахад хүргэж байна. Өөрөө ч цахим хуудсаараа лайв хийж, боловсролын сайдын шийдвэрийн талаар багагүй ярьжээ. Нөгөөтэйгүүр зөвхөн багш нар биш урлаг соёлынхон энэ салбарын төлөө дуугарч эхэлсэн нь П.Наранбаярыг эсэргүүцэх  захиалга авсан уу гэлтэй. 

 Угтаа боловсролын салбарын уналт, боловсон хүчний дутагдал, цалин хөлсний үнэлэмж өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш юм. Боловсролын салбарт бугшсан 30 жилийн асуудлыг хоёр сарын өмнө ажлаа авсан Боловсролын сайд П.Наранбаяраас асууж, шүүх нь байгаа хэр онох вэ.   П.Наранбаяр  байтугай ерөнхийлөгч , ерөнхий сайд ч илбийн мэт нэг өдрийн дотор багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэж чадахгүй, тийм эх үүсвэр ч төсөвт суугаагүй. Харин асуудлаа судалж, салбарт тулгамдаж буй 4200 багшийн орон тоо байгааг ил гаргаж, эрүүлээр энэ орон тоог нөхөх, гарц гаргалгаа дэвшүүлсэн нь хэн нэг хүний дургүйцлийг хүргэж, дөрөөлөн амжилтад хүрэх шат болох нь уу даа гэж харагдаж байна. 

 45 хоногийн сургалтаар багшлах эрхийн үнэмлэх аваад, англи хэлдээ сайн хүн яагаад цагийн багш хийж болохгүй гэж. Тэтгэвэртээ гарсан багш нар яагаад бага цагаар хичээл зааж , үндсэн багшийн ачааллаас хуваалцаж болохгүй гэж. Өнөөдөр захын хорооллын сургуулиуд багшийн орон тооны дутагдалтай. Нэг хоёроор дутахгүй 20 багшийн дутагдалтай байгааг салбарын сайдын  ганц захирамжаар шийдэх боломжгүй. Салбартаа бугшсан асуудлуудыг шийдэх олон цогц арга хэмжээний нэг нь энэхүү гэрээт багш хэмээн сайдын зөвлөх Д.Гантулга хэлсэн. Тэгэхээр салбарын сайдын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, үр дүн гарах үгүйг хүлээлгүйгээр сөрөг хүчин байхын төлөө эсэргүүцэж байгаа нь оновчтой шийдэл мөн үү.

Гэрээт багш ажиллуулснаар үр дүнд нь үндсэн багшийн ачаалал буурч, багшгүй байгаа сургуулиуд багшийн орон зайгаа нөхөж, хүүхдүүд ч хичээлээ заалгана. Аль аль талд үр ашигтай энэ хувилбарыг ямар шалтгаанаар, хэний захиалгаар эсэргүүцэж байна вэ. Жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэгчлэн боловсролын сайдаар туг тахих гэж байж боловсролын салбараа  самрахвий дээ.