

Ардчилсан намын жагсаалтын 4-т бичигдэж, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж буй Саруулсайханы Цэнгүүн нь энэ парламентын хамгийн залуу гишүүн. Тэрбээр ээлжит бус Чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлантай эрчим хүчний асуудлаар ам муруйж, олны анхаарлыг дахин татаад авсан нэгэн. Харин түүнээс манай редакци зарим асуудлуудын хүрээнд тодруулга ярилцлага авах гэж оролдсон ч эрчим хүчнээс бусад асуудлаар яриа өгөхгүй гэх тайлбарыг өгч байсан юм.
Тэгвэл хамгийн залуу гишүүний тухайд 2017 онд ШУТИС-БУХС Бакалавр – Бизнесийн удирдлага, маркетинг менежментээр төгсөж, 2022 онд СЭЗИС – Санхүүгийн менежментээр магистраа хамгаалсан байна.
Ажлын туршлагын хувьд, 2017 онд "Атмор" ХХК, Маркетинг менежер, 2020 онд "Штаб Левел" ХХК, Гүйцэтгэх захирал, 2022 онд "Атмор" ХХК, ТУЗ-ын даргаар ажиллаж байгаад 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буй юм.
Түүний хөрөнгө орлогын тухайд, нийт орлого: 96,980,000 ₮ байна. Задалбал, өөрийнх нь орлого 62,000,000 ₮ бол гэр бүлийн орлого нь 34,980,000 ₮.
Нийт хөрөнгө: 499,000,000 ₮
Үүнээс 440,000,000 ₮-өөр үнэлэгдэх хоёр орон сууцтай бөгөөд 1хашаа байшинтай. 30 саяар үнэлэгдэх нэг приус маркийн автомашинтай ажээ.
Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 31,450,000 ₮ хэмээн АТГ-т мэдүүлсэн байна.
