Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ харж буй ээжид 50 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог болсон. Улмаар эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журмыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн билээ. Тэгвэл сүүлийн үед энэхүү тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэх хүсэлтийг иргэд, олон нийт гаргах болсон. Уг асуудлаар алдарт эхийн одонтой ээж, цалинтай ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж ээж, аавуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Аавуудын төлөөлөл Б.Батхуяг:
"Энэ ажил бол монголын бүх ээжүүд, нялх нярай хүүхдүүдийн төлөө хийж байгаа ажил. Зарим хүмүүс "энэ бол халамжийн бодлого юм" гэсэн буруу ойлголттой байна. Засгийн газраас хүүхдийн төлөө хийж байгаа ажлаа нэр төдий "цалинтай ээжийн 50 мянга" гэж тогтоосон. Гэтэл яг өнөөдрийн байдлаар хүн амын бүтцийг харж үзвэл ажиллах хүчгүй болсон гэж ярьж байгаа юм. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Эдийн засаг хямарч улс даяараа хүнд нөхцөл байдалд ороход хүүхэд төрүүлэхээ больдог.
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж дааж баршгүй амьдралын өртөгтэй, түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлаас үүдэн төрөлт багасаж байгаа юм. Монголчууд наад зах нь таван сая хүн амтай болж байж цаашдаа хөгжинө.
Цөөхөн хүн амтай монгол дэлхийн эдийн засаг, жишиг компаниудтай өрсөлдөх чадамж муу байна. Тиймээс ээжүүдэд өгөх мөнгө хүн ам зүйн бодлого талаасаа эдийн засгийг хөгжүүлэх хамгийн эхний алхам болж болох юм. Гурван жил л аав ээжүүдийг харж үзээч гээд байгаа юм, тэрнээс биш 30 жил гээгүй шүү дээ. Хүүхэд гурван нас хүрээд цэцэрлэгт явахаар аав, ээж хоёулаа ажилд орно" гэв.