Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Байгаль орчин
2024.10.01 17:33
2598
О.Мөнхнасан: Аялал жуулчлалын гол зорилтот зах зээл Хятад, Зүүн Өмнөд Азийн улс руу чиглэж байна

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баяр болж байна. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч О.Мөнхнасантай ярилцлаа.

-Аялал жуулчлалын салбар хэзээнээс орчин үеийн чиг хандлага руу орсон бэ?

-Анх 1954 онд Жуулчин компани байгуулагдаж 1955 онд оросоос анхны жуулчнаа хүлээж авсан түүхтэй юм. Тухайн үеийн ЗХУ, Герман, Чех гэх мэт улсын жуулчдыг хүлээж авахаас гадна үйлчлэх бүх л нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж ирсэн байдаг. 1990 оны хувьсгалын дараа ардчилсан монгол улсыг үзэхээр зорьж ирэх жуулчдадаа Жуулчин компани маань үйлчлээд явж байсан. Түүнээс хойш маш олон жуулчны компаниуд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 1990 оноос монголыг зорьж эхэлсэн жуулчдын тоо огт буугаагүй тасралтгүй өссөөр одоогийн түвшинд ирж байна. 

-Энэ салбарт хичнээн хүн ажилладаг вэ, хүний нөөц ажлын байрны олдоц хэр байдаг вэ?

-Одоогоор 1800 гаруй байршуулах үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ байгууллагуудын ард уг салбарт 30000 гаруй хүн ажиллаж байгаа гэсэн үг. Гэхдээ нэг жуулчин Монгол Улсад ирээд аялал хийх үед маш олон хүн түүний ашиг шимийг хүртэж байдаг. Манай салбарын гол онцлог энэ. Тиймээс бусад улс орон аялал жуулчлалын салбартаа анхаарч маш их хөрөнгө оруулалт хийж ажилладаг. Үүний жишгээр Засгийн газраас сүүлийн жилүүдэд анхаарал тавьж байгаад талархалтай байна. Жуулчид зөвхөн бэлэн байр хаусд хоноглох сонирхолтой байдаггүй учраас бид түүнд нь тааруулан монгол нүүдэлчин ахуй соёлоо сурталчлах харуулах тал дээр анхаарч ажилладаг юм.

-Монгол улсад аялахаар ирсэн нэг жуулчин дунджаар хичнээн төгрөг үлдээж орлого оруулж байна вэ?

-Жуулчин бүрийн онцлог өөр учраас нэг жуулчин тэд гээд шууд хэлэх боломжгүй юм. Гэхдээ бидний тооцоолсноор хамгийн багадаа 2000 долларын орлого үлдээгээд явж байна. Өнөөдрийн байдлаар энэ онд 651,000 жуулчин ирсэн байна. Энэ ондоо багтаан 700,000 жуулчин хүлээж авна гэсэн зорилготой ажиллаж байгаа юм. Аялал жуулчлалын салбар хүн дээр тогтсон салбар учраас маш эмзэг. Учир нь Ковид19 цар тахлын үер хамгийн их уналтад орсон салбар. Тэр үед тухайн үеийн Засгийн газар зөв зохион байгуулалт хийсний үндсэн дээр салбар маань маш хурдан сэргэлт авч хэвийн үйл ажиллагаандаа орсон. Энэ нь тухайн салбарт ажиллаж байгаа олон хүмүүст ажиллах урам зориг өгсөн болов уу гэж боддог юм. 

-Манай улсад ирэх боломжтой зорилтот зах зээл нь аль улсын жуулчид байна вэ?

-Мэдээж хоёр том хөршөөс ирэх жуулчид хамгийн том зах зээл. Дараа нь Солонгосоос ирэх жуулчид нэмэгдэж байна. Энэ жилээс Азийн орнууд руу түлхүү чиглэн ажиллаж зар сурталчилгааг хийж байгаа юм. Бид хамгийн том зах зээлтэй хүн амтай хөрш улс. Тэгэхээр дараагийн зах зээлээ Хятад  руу чиглүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх журам батлагдсан. Үүний хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

-Аливаа улс орны хил орчмын аялал жуулчлал гэдэг бол том массыг дагадаг учраас үүн дээр ажиллахаар төлөвлөөд явж байгаа юм. Энэ бол маш том ажил. Хил хамгаалах газар Цагдаагийн ерөнхий газар зэрэг олон байгууллага хамтран ажиллаж байж үүнийг хөгжүүлж чадах юм. Бид одоогоор хөгжүүлсэн аялалын байршлуудаа тэлэн аялагчдадаа тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд олон бүтээн байгуулалтуудыг хийх шаардлагатай байна. Түүнийхээ дараа Хятад улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх юм.