“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол 5 бүлэг, 42 хэрэгжүүлэх арга хэмжээ, 114 үйл ажиллагааг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд төрийн 35 байгууллага биечлэн болон хамтран хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байна. Тэгвэл УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд Боловсролын яамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаныхан ажиллалаа.
УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд Боловсролын яам 12 арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг танилцууллаа.
Боловсролын яам УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх онцлох арга хэмжээнд хүнсний чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх, суралцагчийн хоол хүнсний чанар, хүртээмж, аюулгүй байдал, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх, төсөл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ багтаж байна. 2024 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 12 арга хэмжээний хэрэгжилт үнэлэгдсэн бөгөөд 100 хувийн хэрэгжилттэй 8 арга хэмжээ, 70 хувийн гүйцэтгэлтэй 4 арга хэмжээ үнэлэгдэж дундаж үнэлгээ 90 хувьтай гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэх чиглэлээр цаашид нягт, хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.