Энэ жилийн зун бороо хүр ихтэй байгаагаас голын усны эрс нэмэгдсэн байна. Голд урссан найман иргэнийг онцгой байдлын ерөнхий газрынхан хайж байгаа юм.
Өчигдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдэж, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг, Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим давсан бол ар зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум болон Багануур дүүрэг, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна.
Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Өнгөрсөн онд гол усанд 100-аад иргэн осолдож, нас барсан харамсалтай мэдээ байна. Энэ жил ч олон иргэн тэр тусмаа хүүхдүүд, өсвөр насныхан живж амиа алдах нь их байгаа тул амралт зугаалгаар явах үедээ анхаарал болгоомжтой байхыг албаныхан хэлж байна.