Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.10.03 16:50
2929
Ч.Лодойсамбуу: Импортын цементээр баригдсан орон сууц иргэдийг хордуулж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Чуулганы хуралдаанаар дотоодын үйлдвэрлэгчдийг хясан боогдуулж буй асуудлыг хөндөж, гурил цементийн импортын татварыг чөлөөлсөн талаар байр сууриа илэрхийллээ. Уг асуудалтай холбогдуулан түүнээс тодруулсныг хүргэж байна.

Ч.Лодойсамбуу: "Сүүлийн жилүүдэд манай дотоодын үйлдвэрүүдийн чанар, технологи сайжирсан. Үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирсан учраас нөөц дутагдах асуудал үүсээгүй. Ирэх жилийн төсвийг хараад байхад орон сууцжуулалтын хөтөлбөр хэрэгжинэ, есдүгээр сарын байдлаар 9 мянган хүн зээл авсан гэхээр барилгын зах зээл цаашаа тэлнэ. Тэгэхээр цементийн эрэлт нэмэгдэнэ. 

Үндсэндээ 2 асуудал байна. Нэгдүгээрт, үнэ. Хоёрдугаарт, чанар. Манайд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаагаас гадна импортын цементийн чанар олон жил яригдаж байна.

Дөнгөж сая Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын лабарторын судалгаагаар импортын цемент манай дотоодын цементээс илүү цацрагийн хэмжээтэй байна гэж гарсан. Энэ нь бид орон сууцанд ороод хордоод байна гэсэн үг.

Орчны бохирдол энэ их үед дахиад цементээсээ хордож байна. Тэгвэл манай төрийн зорилго нь юу юм бэ? Худлаа үнэн хэдэн барилга бариад орхих юм уу, иргэдийн эрүүл аюулгүй байдал юм уу гэдэг асуудал ч хөндөгдөж байна" гэлээ.