Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б /66 настай, эрэгтэй/, зорчигч И /58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр явж байхад гүүр нурж голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-гийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасгийн даргад шилжүүлэн өгсөн. Зорчигч И /58 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрлийн ажиллагааг анх осолдсон газраас үргэлжлүүлэн, тус сумын Онон багийн “Оногийн зүүн салаа” гэдэг газар хүртэл зүүн зүгт 18км-ийн зайд голын урсгалын дагуу моторт завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 17:30 цагт эрлийг түр зогсоож, 2024.10.07-ны өдрийн 10:00 цагт үргэлжлүүлнэ.