Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.07 17:37
1139
Дэлхийн Хүнсний өдрөөр Пестицидийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтийн зөвлөл хуралдаж, Пестицидийн асуудлаар зөвлөмж гаргасан. Тэгвэл дээрх зөвлөмжийг боловсруулах ажлын хэсэг өнөөдөр гурав дахь удаа хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны дарга В.Мөнгөнсүх, Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ, АШУҮИС Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох, ШУТИС-ийн Үйлдвэр Технологийн сургуулийн захирал, Доктор(PhD), профессор Ж.Туяацэцэг, Гаалийн Ерөнхий газрын гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд нар оролцлоо.

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн IV хуралдаанаас гаргасан зөвлөмжийг илүү боловсронгуй болгох чиглэлээр дээрх ажлын хэсэг гуравдахь удаагаа хуралдаж байна.

Дэлхийн Хүнсний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яам, БОУАӨЯ, ЭЗХЯ, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, АШУҮИС-ийн Био Анагаах ухааны хүрээлэн, ХАБҮЛЛ зэрэг байгууллагууд хамтран “Хүнсний аюулгүй байдал ба Пестицид-2024” хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр Монгол Улсын пестицидийн хэрэглээ, өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.