Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.10.08 15:41
2074
Хувийн популизмаа хойш татъя, Л.Энх-Амгалан сайд аа!

Өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн.

Тодруулахад, шууд нэмэгдүүлсэн мэт гарчиг бүхий уг мэдээллийг нягтлахад 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар бичсэн байх бөгөөд 2026 оноос мөн 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргасан гэжээ.

Тус шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээгүй гэдгийг мэдээлсэн юм. Мөн Шадар сайд С.Амарсайханаас нягтлан тодруулахад, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар тодорхой асуудал ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээгүй, ямар нэг шийд гараагүй. Инфляцын түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байх вэ гэдэг зүгээр шийдчих асуудал биш. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр уг асуудлын хүрээнд амьдралын нөхцөл байдлыг судалж, судалгаа шинжилгээн дээр үндэслэн шийдэгдэх ёстой. Ямар нэг эцсийн шийд ЗГ-аас гаргаагүй” гэх мэдээллийг өглөө.

Тэгвэл ЗГ-ын хуралдаанаар ч хэлэлцээгүй, судалгааны шатандаа яваа асуудлыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хувийн популизмаа хийх зорилгоор иргэдийн итгэл үнэмшил дээр наадсан болж таарах нь.

Угтаа бол дээрх асуудлыг гурван талт уулзалтаар хэлэлцэж, ЗГ-ын хуралдаанд танилцуулж байж цаашид асуудал яригдах ёстой бөгөөд хэдийгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудал нь зөв ч эцсийн шийд гараагүй зүйлээр ийнхүү популизм хийх нь нэг талаараа ёс зүйгүй, нөгөө талаараа ЗГ-аасаа давсан эрх мэдэл түүнд бий юу гэх асуултыг асуухад хүргэж байна.