Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.09 18:07
2899
УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төр, захиргааны байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг төр, захиргааны 35 байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй. Дээрх тогтоолын хэрэгжилт, явцыг үнэлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газраас хагас жил тутам зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг. Тэгвэл тогтоолын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх зорилготой дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалт 2024 оны 11-р сарын 21-нд Төрийн ордонд болно.

Боловсролын яам: УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх онцлох арга хэмжээнд хүнсний чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх, суралцагчийн хоол хүнсний чанар, хүртээмж, аюулгүй байдал, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх, төсөл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ багтаж байна. Уг тогтоолын хүрээнд Боловсролын яам 12 арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэж байгаагаас найм нь бүрэн хэрэгжсэн, дөрөв нь 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Монголбанкны хувьд уг тогтоолын дагуу 1.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоос одоогоор 1.223 их наяд төгрөгийг 3038 зээлдэгчид арилжааны 10 банкаар дамжуулан олгожээ. Урьдчилсан байдлаар ажлын биелэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрчим хүчний яам: УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд гурван арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэхээр байгаа ч одоогоор өвлийн хүлэмжийн аж ахуйн уур, дулааны хэрэглээний зардлыг хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг бий болгох ажлыг хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа.

Зам, тээврийн яам: Тогтоолын хүрээнд зургаан арга хэмжээг гүйцэтгэх төлөвлөгөөтэй. Тухайлбал Хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэлтэй холбоотой зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сангийн платформыг хөгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж.

Газар Зохион Байгуулалт Геодези, Зураг Зүйн Ерөнхий газар: УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд нэг арга хэмжээг хэрэгжүүлэх, хоёр арга хэмжээнд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хамтран оролцохоор төлөвлөгдсөн бөгөөд зарим ажлын хэрэгжилт удаашралтай байгааг онцоллоо. Тодруулбал тариалангийн газрыг 1.1 сая га-д хүргэх, усалгаатай тариаланг 200 мянган га-аар нэмэгдүүлэх гэж төлөвлөсөн ч бэлчээрийн газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх хүсэлт ирэхгүй байгаагаас дээрх ажил удаашралтай байна гэв.

Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яам: Уг тогтоолын хүрээнд дэмжин оролцож байгаа бөгөөд “Хүнсний хувьсгал”-д нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Зээлийн батлан даалтын сан: УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хоёр арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөгдсөн бөгөөд өнөөдрийн байдлаар хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр олгогдсон 32.5 тэрбум төгрөгийн зээлд 18.5 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.

Гаалийн Ерөнхий Газар: Үндсэн чиг үүргийн хүрээнд гурван арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Тухайлбал Хөдөө аж ахуй, эрүүл ахуй, хадгалалт, худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн шаардлагыг бүрэн хангах дотоодын хяналтын тогтолцоог сайжруулах, мөрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллаж байна гэв.

2022 онд батлагдсан Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол нь 5 бүлэг, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 арга хэмжээг төрийн 35 байгууллага хэрэгжүүлнэ. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол Улсын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цаашлаад хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болоход томоохон түлхэц болох юм.