Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.10 12:32
1176
П.Дэлгэрнаран: Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 7500 чиглэлд 18033 иргэний санал хураана

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалт маргааш эхлэхтэй холбоотой СЕХ-ноос бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалт маргааш /2024.10.11/ болох гэж байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 09:00 цагт улсын хэмжээнд эхэлсэн. Энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт  07:00-20:00 цагийн хороонд болно.  Улсын хэмжээнд нийтдээ 2230 хэсгийн хороо, 25,600 төрийн албан хаагч ажиллаж байна.

Үүнээс мэдээлэл технологийн 166 багт 2683 багийн гишүүн ажиллаж, автоматжуулсан системийг шийдэрлэж, санал хураахад бэлэн болголоо. Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн 2037 ажилтан ажиллахаар байраа эзэлсэн, санал хураалт зохион байгуулахад бэлэн.  Сонгууль зохион байгуулахад аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулахаар цагдаа, онцгойгийн албан хаагчид бэлэн байдлаа хангасан. Цагдаагийн байгууллагаас өчигдөр нийтдээ 10600 албан хаагч, 500 гаруй тээврийн хэрэгсэл бэлэн болсон гэдэг мэдээллийг өгсөн.

Улсын хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс 268 нь бие даагч. 17,278 нэр дэвшигчээс 5582 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь нийт нэр дэвшигчдийн 32.3 хувийг эзэлж байна. Нийт нэр дэвшигчдээс 11,696 нь эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 67.7 хувийг эзэллээ.

Санал хураах ажиллагааг ажиглахаар 10 нам, нэг эвсэл, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 17,800 ажиглагч бэлэн болж, бүртгүүлэн үнэмлэхээ авсан. Өнөөдөр 09.00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн. Улсын хэмжээнд нийт  18,033 иргэн саналаа өгөхөөр хүсэлт ирүүлсэн, 7500 чиглэлд явж, санал хураалтыг зохион байгуулж ажиллаж байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 сая 246 мянган 164 хүн хүн саналаа өгөхөөс  1 сая 146 мянга нь орон нутагт, 1 сая 100 мянга нь Улаанбаатар хотод саналаа өгнө.

Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан.  Техник хангамжийн хувьд санал тоолох төхөөрөмжийг 1500-гаас дээш сонгогчтой хэсгийн хороод дээр хосоор нь буюу хоёр төхөөрөмж байршуулж байна. Нийтдээ 2824 төхөөрөмжийг хуваарилж, санал хураахад бэлэн болгосон. Улсын хэмжээнд байгуулсан хэсгийн хороодооос 381 нь интернэтийн сүлжээгүй байсан. Түүнд, Старлинк ашиглаж санал хураалтын дүнг дамжуулах бололцоотой болсон.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Улс төрийн намуудтай 4-5 удаагийн уулзалт хийж, сонгуулийн мэдээллийн санд нягтлан шалгах ажлыг хийсэн. Төлөөллүүдийг байлгаж лацдаад энэ сонгуулийн мэдээллийн сан иргэний улсын мэдээллийн сантай таардаг юм уу нэг иргэн нэг хэсгийн хороонд байдаг юм уу гэдгийг нятлан шалгаж баталгаажуулдаг. Нэрийн жагсаалтад ямар нэг юм гараагүй цаашид ч гарахгүй. Нэрийн жагсаалттай холбоотой нэг ч гомдол мэдээлэл ирээгүй. Харин нэг иргэний 10 хаягийн талаарх мэдээллийг шалгаж үзсэн. Ийм байдлаар 26464 иргэн өөрийн хаяг нэрийн жагсаалттай танилцсан байна" гэлээ.