Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.10.10 12:43
1186
Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт торгох ял оноолоо

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн захирал Ч.Ганхуяг, түүний дүү Ч.Золбоо нар нь олон нийтийн газарт танхайрч, эмэгтэй хүн зодсон гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тус хэргийг Ч.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан худал ташаа мэдээлэл гэх тайлбар хийж байсан ч шүүх хурал нь өчигдөр болж, гэм буруутайд тооцжээ.

Тодруулбал, "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцсэн.

Ингээд шүүгдэгч Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1.350.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Золбоог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус шийтгэжээ.

Шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн" талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.