Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн нийт 116 дуудлагын 105 нь гал түймэрийн дуудлага байжээ.
Ой, хээрийн түйрийн тухайд Дорнод аймгийн Баяндун, Матад, Халхгол, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Төв аймгийн Сэргэлэн суманд аравдугаар сарын 13-нд бүртгэгдсэн найман хээрийн түймрийг бүрэн унтраагаад байгаа талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Уг түймрүүдийн дүгнэлт, хохирлын хэмжээ хараахан гараагүй байгаа бөгөөд нэг иргэн түлэгдэж эмэнэлэгт хүргэгдсэн мэдээлэл бий.
Гал түймэртэй холбогдуулан Дорнод аймаг болон Баяндун сумын холбогдох албаныхантай холбогдож мэдээллийг тодрууллаа.
“Баяндун сумаас 11 хүний бүрэлдэхүүнтэй 2 бүлэг, 2 машинтай 6 иргэн, Дашбалбар сумаас 5 хүний бүрэлдэхүүнтэй 1 бүлэг, нэмэлтээр 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 бүлэг, мөн Баян-уул сумаас 6 хүний бүрэлдэхүүнтэй Гал унтраах ангийн 1 бүлэг очиж ажилласан.
Баяндун сумын түймэр Лүнгийн рашааны орчимд суудлын жижиг машины яндангаас гарч, уржигдар шөнө Оросын хил давсан, өчигдөр салхи эргэж түймрийн баруун тал нь Түргэний эхээр, зүүн тал нь Хорины голын эхээр орж ирсэн. Галыг одоогоор цурамд оруулаад байгаа ч цас орж байгаа учраас бүрэн унтраасан гэж хэлж болохгүй байна. Нэг иргэн 75 хувьтай түлэгдсэн” гэсэн юм.
Баяндун сумаас өгч буй мэдээллээр “Дорнод аймгийн Баяндун суманд малдаа явж байсан иргэн түймэрт өртсөн. Сумын эмнэлэгт хүргэгдсэн ч, биеийн байдал хүнд байсан. Ингээд Улаанбаатар хот руу ГССҮТ-рүү хүргэгдээд байна. Нөхцөл байдал хүнд байсан учраас түймэртэй ойр байгаа айлын хүүхэд, эмэгтэйчүүдийг аюулгүй газарт хүргээд байна” гэлээ.
Мөн Баяндун суманд хэд хэдэн айл галд өртөн гэр нь шатжээ. Түймрийг унтраахаар Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдаас эрчүүд сайн дураараа цугласан байна. Түймэр гарч байгаа хэсэгт Улаанзагалмай нийгэмлэг хүрч түймэртэй тэмцэж байгаа хүмүүст хоол, цай хүргэн ажиллаж байгаа юм .
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна!!!