Эмнэлгийн байгууллагын ажиллагсад буюу эмч сувилагч нар алдаа гаргасны улмаас өвчтөнөө хохироох тохиолдол ахин гарчээ. Тодруулбал, БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ой долоон сартай охины уян зүүний тагийг унагаасан сувилагч, бусдын хэрэглэж байсан бохир тагаар уян зүүг нь тагласан байна. Үүний улмаас ой долоон сартай охины биеийн байдал эрс муудаж, тус эмнэлгийн зүгээс өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй аж. Тиймээс охины ээж Ч.Ууганчимэг манай сайтад хандсан юм.
Ч.Ууганчимэг охины ээж: Манай охин суулгах, бөөлжих шинж тэмдэггүй, хоолой өвдөж халуурсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтсэн. Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр хэвтсэн. Харин охины уян зүүний таг газар унахад бохир орно гээд бусдын өмнө нь хэрэглэж байсан цустай тагаар буцааж тагласан.
Үүний дараа манай охин халуурч, цагаан өнгөтэй их хэмжээгээр суулгаж эхэлсэн. Шарлах болон ямар нэгэн халдвар авсан тохиолдолд хүн цагаан өнгөөр суулгадаг.
Охиныхоо уян зүүтэй бинтийг солиулах гэхэд сувилагч маш их хүнд суртал гаргасан. Бинт солих явцдаа уян зүүний тагийг унагаж, оронд нь өөр хүний хэрэглэсэн цустай тагаар тагласан. Тус үйл явдлыг эмч нарт нь хэлж, уян зүүг авхуулах гэж явсаар хугацаа маш их алдсан. Уян зүүг нь авч өгөхдөө сувилагч нь ямар ядаргаатай юм гэж надад уурласан.
Тухайн үед эмч нартай нь уулзахад манай эмнэлэг дуу бичдэг камертай гэж хэлсэн. Одоо болохоор тухайн үед камер түр ажиллаагүй байсан гэж мэдээлэл хийж байна.
Үүний дараа тухайн уян зүүний тагийг эд мөрийн баримтаар хурааж авч битүүмжлээгүй. Камер нь ажиллаагүй байсан. Гэтэл эмнэлгийн зүгээс “манай сувилагч ийм алдаа гаргахгүй байх” гэдэгт итгэлтэй байна гэхээс өөрөөр ямар ч үг хэлсэнгүй. Мөн алдаа гаргасан сувилагч өөдөөс харж инээж байсанд нь би эгдүүцсэн. Дараа нь манай хүүхдийг өвчин авч уу гээд дөрвөн мөчинд нь хатгаад, судас нь олдохгүй, нэг хатгасан газрынхаа арьсан доор нь судсыг нь хайж байна гээд зүүг нь нааш цааш нь явуулаад байсан. Үүний улмаас манай хүүхэд бүр өвдсөндөө чичрээд салгалж уйлсан. Энийг харахад надад үнэхээр хэцүү байсан.
Ийм хүн яаж сувилагч байж чадах юм бэ, юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд яваад байгаад би гайхаж байна. Алдаа гаргасан сувилагчдаа ямар нэгэн хариуцлага одоо хүртэл тооцоогүй. Манай гэр бүлээс уучлал гуйгаагүй байгаа.
Харин ч эмнэлгийн зүгээс намайг хүн гүтгэсэн гэж цагдаад өгнө гэсэн. Өнөөдөр нялх хүүхдийн зүүг бохир тагаар таглаад сүртэй юм, ядаргаатай юм гээд сууж байгаа хүн дараа нь хүний аминд хүрчхээд ядаргаатай юм бэ гээд сууж байж чадахаар санагдаж байна.
Харин БЗД-ийн эмнэлгээс тус асуудлын талаар тодруулга мэдээлэл авах гэсэн боловч, эмнэлгийнхээ цахим хуудсаар нэгдсэн журмаар албан ёсны мэдээлэл өгнө гэлээ.
Энэ мэт цагаан халаад нөмөрсөн, хэдэн биедээ итгэж байна гэсэн үгээр арьсаа өмгөөлсөн эмч, сувилагч нарын буруугаас үүдэн хэдэн хүүхэд хохирч үлдэх вэ. Эдгээр алдаа гаргасан эмч сувилагчид ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцсон нь мэдэгдэлгүй өнгөрдөг. Эсвэл ажлаас нь чөлөөлсөн нэртэй хэдхэн сарын дараа л ажилдаа буцаад орчихсон байдаг асуудал өнөөдрийг хүртэл арилахгүй явсаар л. Улам даамжирч бугшсаар л...
Шууд дамжуулалт: