Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Сонгууль
2024.10.14 17:15
4089
Орон нутгийн сонгуульд 32.7 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нэмэлт санал хураалтад дахин зардал гарахгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт  өнгөрсөн 11-ны өдөр болж, өндөрлөсөн. Улсын хэмжээнд 10 нам, нэг эвсэл болон бие даагч нар 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдөж, санал хураалт 53.2 хувьтай бүрдсэн юм.

Тэгвэл энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд энэ нь 2020 оны орон нутгийн сонгуультай харьцуулахад 2 дахин их байгаа юм. Одоогийн байдлаар сонгуулийн зарцуулалтын тайлан гараагүй байна.

Мөн уг сонгуулийн үр дүнгээр 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсон. Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг өчигдөр (2024.10.13) 19 аймгийн 70 сумын 79 хэсэгт зохион байгууллаа. Өчигдөр зохион байгуулсан нэмэлт санал хураалтаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн 3-11-3 хэсэг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн 10-3-3 хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн 11-14-5 хэсэгт тус тус хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул дахин нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Дорнод аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Увс аймгийн Малчин, Ховд аймгийн Буянт сумын сонгуулийн хорооны шийдвэрээр 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 9 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана. Түүнчлэн өчигдөр зохион байгуулсан нэмэлт санал хураалтаар нэр дэвшигчдийн саналын тоо дахин тэнцсэн гурван хэсгийн нэмэлт санал хураалтын 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар Сумын сонгуулийн хороодын тогтоол гараад байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг. Ингэхдээ дахин нэмэлт зардал гарахгүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан байдаг.