Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.10.14 18:41
2723
НИТХ-ын даргаар сонгогдсон А.Баярын хятад компанийн захирлаас төр рүү шургалсан "түүх"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнгөрсөн баасан гарагт буюу 11-ны өдөр улс орон даяар явагдаж 53.2 хувьтай өндөрлөсөн. Уг сонгуулийн үр дүнгээр  НИТХ-д МАН 40 суудал, АН тав суудал авсан юм. Тэгвэл өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажуулж, анхдугаар хурлаа хийлээ.

Хурлаар НИТХ-ын даргаар БЗД-ийн ИТХ-ын дарга асан А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаяр сонгогдов.

А.Баярын тухайд  2016 оноос эхлэн БЗД-ийн ИТХ-ын төлөөгч, 2020 оноос ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өдгөө ийнхүү НИТХ-ын даргаар сонгогдон ажиллахаар болж буй. 

Тэгвэл А.Баярын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Түүний өөрийн орлого 2016 онд 18 сая байсан бол 2020 онд 150 сая 720 мянга болтлоо өссөн байна. Ингээд 2021 онд 87.1 сая, 2022 онд 91.9 сая, 2023 онд 38.8 сая болсон үзүүлэлтэй байгаа юм.

Орон сууц, барилга байгууламжийн тухайд, 180 саяар үнэлэгдэх 2 нийтийн орон сууцтай бол 60.4 саяар үнэлэгдэх 32 үхэр, 124 хонь, 32 адуутай аж.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 2020 онд 100.2 сая төгрөг байсан бол энэ нь 2023 онд 3.1 сая төгрөг болтлоо буурсан байна. Харин бэлэн 69.7 сая төгрөгтэй, авлагын нийт дүн 376 сая 327 мянга бол 48 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг түүхийн эд зүйлтэй хэмээн АТГ-т мэдүүлжээ.

Тэрбээр ажлаа хүлээж авсан даруйдаа "нийслэлд үүсээд байгаа асуудлууд дээр хүч түрэмгийлэн ажиллах шаардлага байна" гэж мэдэгдэв.

Тэгвэл Баярын аав болох Мээрэнгийн Амарбаясгалан нь гадаадын хөрөнгө оруулалттай "Умардын ган" гэх компанийг Hurilesha, Б.Баттулга гэгч нартай хамтран эзэмшдэг бол тус компанийн гүйцэтгэх захирлаар Liu Wenjie гэгч Хятад иргэн ажилладаг байна. Харин А.Баяр нь дээрх компанийн гүйцэтгэх захирал Liu Wenjie-ийн өөр нэгэн компани болох "Хүрэл Интернэшнл Транс" компанийн гүйцэтгэх захирлаар нь 2010 онд ажиллаж байсан нэгэн.

Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компанийн захирлаас төр рүү шургалах болсон түүний санаархал хаа хүрч, хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.