Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.10.15 09:31
218
С.Даваа: Бид цөмийн эрчим хүчийг хэзээ нэгэн цагт ашиглах нь ойлгомжтой

Цөмийн комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн дарга С.Даваатай цөмийн эрчим хүчийг ашиглах талаар тодрууллаа.

-Цөмийн энергийг ашиглах тухайд  манай улсын байр суурь юу вэ. Ер нь цөмийн эрчим хүчийг  ашиглах нь зүйтэй юу?

-Манай улсын хувьд  цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэгтэй гэдэг нь тодорхой асуудал. 2009 онд төрөөс цөмийн эрчим хүч, цөмийн энерги цацраг идэвхит ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого гэж гарсан байдаг. 2022 онд ЗГ-ын шийдвэрийн дагуу 3 сайдын тушаал гарч, том ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэг нь урьдчилсан байдлаар ямархуу чиглэлээр судалгааны ажил хийх ёстой юм бэ гэдгийг тодорхойлсон байгаа. Одоо ямар ажил хийгдэж байна гэхээр цөмийн эрчим хүчийг ашиглахад дэд бүтцийн 19 үндсэн асуудлыг заавал шийдсэн байх ёстой гэдгийг Олон улсын атомын энергийн агентлагаас тодорхойлсон байдаг юм. Тэгэхээр одоо ямар процесс явагдаж байна гэхээр цөмийн эрчим хүчийг ашиглах эсэх талын судалгааны түвшинд байна. 19 асуудлыг бид хэзээ биелүүлж чадах вэ,  одоо бэлэн байгаа юм уу, дутуу юу байна вэ,  энэ 19 асуудлыг шийдэх боломжтой юу гэхчилэн судалж байна. Судалгаанд ямар асуудал орж байгаа вэ гэхээр цөмийн эрчим хүчийг одоо манайх ашиглах хэрэгтэй юу ашиглавал хэр хэмжээгээр,  хэзээнээс эхлэх вэ гэдэг асуудал яригдана гэсэн үг. Энэ мэтчилэн судалгааны бэлтгэл ажил ойролцоогоор 2 жил хийгдэх байх. 2026 оны төгсгөл рүү нэгдсэн тайлан гарч, ЗГ-ын хурлаар хэлэлцээд эцсийн шийд гарна.  

Xэзээ нэгэн цагт цөмийн эрчим хүчийг ашиглана аа гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэвэл дэлхий нийтийн чиг хандлага энэ рүү явж байна.  

Эрчим хүчний суурь ачаалал гэдэг нь маш чухал. Өнөөдрийг хүртэл манайх суурь ачааллаа нүүрсээр авч байгаа ч ирээдүйд дэлхий нийтийн хандлага ямар байна гэхээр нүүрсний эрчим хүчнээс татгалзах байр суурьтай байна.

Тэгэхээр суурь ачааллыг ямар эх үүсвэрээр авах вэ гэхээр ерөөсөө цөм л болж таарч байгаа юм. Тэгэхээр хэзээ ашиглах вэ гэдэг нь л энэ судалгааны дараагаар тодорхой болно.

-Цөмийн эрчим хүчээр яг манайх аль улстай түлхүү хамтарсан нь аюулгүй вэ?

-Францтай уран хамтарч ашиглах компани бий. Туршилтын үйлдвэрлэлээ явуулж байна. Ашиглалтын зөвшөөрөл өгөх, хөрөнгө оруулалтын гэрээн дээр сууж байна. Ураны асуудал, эрчим хүч бол хоёр өөр асуудал. Огт урангүй улс ч цөмийн эрчим хүч ашиглах нь бий. Урантай экспортолж байгаа хэр нь хэрэглэдэггүй улс ч байна. Манай улс уранаа ашиглаад эрчим хүчээ ч ашиглах нь стратегийн ач холбогдолтой. Манайх нүүрсээр баян ч дэлхийн нийт нүүрсний батлагдсан нөөцөөс дэлхийн ураны нөөцөд манай батлагдсан ураны нөөц 10 дахин өндөр байдаг. Манайх уранаар баян. Иймээс энэ баялгийг зүгээр шар нунтаг хэлбэрээр гаргахаас илүү эрчим хүч болгох нь зөв. Гол нь судалгаа, хууль эрх зүй, хүний нөөц гээд олон зүйл шаарддаг.

-Энэ чиглэлд хамгийн туршлагатай улс ямар улс вэ?

-Анхдагч технологи гэвэл ОХУ байна. 1954 онд дэлхийд анхны цөмийн станц байгуулсан улс шүү дээ. Одоо дэлхийн олон оронд цөмийн энергийн станц барьж байна. Хятад , АНУ гэхчилэн шинэ технологитой улс байна. Ураны хувьд аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, сүүлийн үеийн технологид суурилсан станци нэгдүгээрт байх ёстой. Цөмийн станцийн хамгийн эмзэг хэцүү асуудал нь ашигласан цацраг идэвхит хаягдал байдаг. Түүний дахин боловсруулалт, хадгалалт хамгаалалт, түлшээ зөөж авчрах гэхчилэн асуудал бий. Реакторын технологи, түлшээ хаанаас авчрах уу, хаягдлаа хэрхэн шийдэх вэ гэдгийг иж бүрнээр авч шийдэх ёстой.

-Цөмийн энергийг ашиглах боловсон хүчин манайд бий юу?

-Цөмийн станцийн боловсон хүчин гэвэл цөөхөн. Гэхдээ шийдвэр гаргавал бэлтгэл ажил эхэлнэ. Энэ нь шийд гаргаал маргаашаас нь барьж эхэлдэг төсөл биш л дээ. Цөмийн физик гэдэг мэргэжилтнийг бэлтгэж,  1956 оноос хойш манай олон зуун хүн ОХУ-д ажилласан байдаг. Энэ суурь дээр суурилсан боловсон хүчний сургалт цааш үргэлжлэх боломжтой. Цөмийн эрчим хүчийг ашиглая гэвэл төр засаг дээд зэргийн тогтвортой байх ёстой.

Цөмийн эрчим хүчийг нэг төсөл гэж авч үзвэл ойролцоогоор 100 жил үргэлжлэх төсөл.

Урьдчилан судалгаа хийхэд 4-5 жил болно. Шийдвэр гаргаж бэлтгэл ажил хангаж барихад   7-10 жил шаардана. Бусад станцтай харьцуулахад цөмийн станци удаан хугацаагаар ажилладаг. Ойролцоогоор 60-70 жил ажиллана. Дараа нь унтраах, задалж цацраг идэвхитэй үгүйгээр ялгахад мөн 10-20 жилийн асуудал байдаг. Богино настай цацраг идэвхит бодисыг задрахыг хүлээх асуудал чухал байдаг. Ингээд бодоход л 100 жилийн том төсөл байгаа юм. Барих уу гэдэг судалгаанаас  эхлээд баръя гэдэг  шийд гаргаад, ашиглаад дууссаны дараа хог хаягдлаа цэвэрлэх хүртэл дор хаяж 100 жил шаардлагатай. Тэгэхээр энэ бол асар их хариуцлага, тогтвортой бодлого хэрэгтэй.

-Иргэд, төр засаг бүгд нэгдсэн нэг санаа бодолтой байж энэ төсөл явах нь ээ?

-Олон нийтийн санаа бодол чухал. Түүнээс цааш төр засгийн тогтвортой бодлого чухал. 2011 оны ослын дараагаар иргэдийг төлөөлөх чадвартай  3000 орчим иргэнийг түүвэрчилсэн байдлаар судалгаа хийхэд 50-аас дээш хувь нь ашиглах нь зүйтэй гэсэн судалгаа гарсан. 2015 онд судалгаа хийхэд хэвээрээ байсан. Сүүлийн үед хүлэмжийн хий, Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар байгаа билээ цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч гэдэгт оруулж байна. Үүнийг тооцоод үзвэл ард иргэд дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Бид эрчим хүчний дутагдалд орсон байгаа. Хэрэв цөмийн эрчим хүчийг ашиглавал одоо болон ирээдүйд дутагдах эрчим хүчний дутагдлаас бүрэн гарах уу?

-Нүүрсний станц, нарны усны цахилгаан станц баригдаж байна. Алсыг харвал одоогийн суурь ачаалал авч байгаа 3, 4-р цахилгаан станцууд ашиглах боломжгүй болно. Тэр үед суурь ачаалал авах асуудал хөндөгдөнө. Эрчим хүчний аюулгүй байдал талаасаа эх үүсвэрийг төрөлжүүлэх8 олон эх үүсвэртэй болох хэрэгтэй.  Ганц том станц барьчихаад найдаад сууж болохгүй.  Жишээлбэл өнөөдөр Франц улсад цөмийн эрчим хүч нийт эрчим хүчний 70 хувийг эзэлдэг. Манай улсын хувьд  эхний 30 жилийн хугацаанд эрчим хүчний хэрэгцээний 10-15 хувийг  цөмийн эрчим хүчээр хангаад, цаашид технологи сайжирч, бид ажиллуулж эзэмшээд ирвэл түүнийг 40 хүртэл хувь хүргэж өсгөх боломжтой.