Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.15 10:44
4231
С.Наранцогт: Хуримтлалын сан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зориулагдана

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024 онд амжуулсан онцлох ажлууд юу байсан бэ?

- Юуны өмнө, төрийн өмчит компанийн хувьд олон улсад яригддаг засаглал, үр ашиг, үйлвэрлэл, санхүү гээд үндсэн зүйлсээ цэгцэллээ. Үүний зэрэгцээ бид юуны төлөө оршин тогтнож, юу хийж, хаана очих вэ гэдэг стратегиа боловсруулж, уул уурхайн салбартаа, бүрэлдэхүүн компани, бодлогын яам, хувьцаа эзэмшигч буюу Засгийн газрын түвшинд, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч ЗГХЭГ, экпертүүдтэй нэгдсэн ойлголцолд хүрнэ гэдэг их том ажил байсан. Тиймээс энэ 2024 он бол тэр бүхнийг хэрэгжүүлэх, үр дүнг нь гаргах жил болж байна.

Хоёрт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024.04.19-нд батлууллаа. Би техникийн Ажлын хэсгийг, ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалан үндсэн Ажлын хэсгийг ахалсан. Уг хуулийг баталснаараа цаад агуулгаараа байгалийн баялгийг төрийн өмчит компани олборлож, ашиглаж байгаа тул олон нийтийн эрх ашгийг хамгаалах, төрийн бодлого шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг биелүүлэх эрх зүйн үндэс бүрэлдэж байгаа юм. Үүгээрээ төрийн өмчит компани онцлогтой.

Хувийн хэвшлийн компаниуд бол ашгийн түвшинг хамгийн өндөр байлгах гол зорилготой байдаг бол бидний хувьд, мэдээж аж ахуйн үйл ажиллагаа тул үр ашгаа нэмэгдүүлэх зорилт байгаа ч олон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс Үндсэн хуулийн 6.2-т заасан байгалийн баялгаас олох үр ашгийн дийлэнх нь нийт ард иргэдэд ногдоно, үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг хуулиар бий болгоно гэсэн агуулгыг хэрэгжүүлж буй хэлбэр нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль юм.

Энэ хуулиар 3 сан байгаа. “Ирээдүйн өв сан” нь өөрийн гэсэн хуулийн зохицуулалтай учир 2030 он хүртэл хөндөхгүй. Харин ард иргэдэд зориулж иргэн бүрийн нэр дээр нэрийн данс нээж, хуримтлалтай болгохын тулд “Хуримтлалын сан” гэсэн цоо шинэ ойлголтыг оруулж ирсэн. Энэ сангийн орлогыг “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрдүүлнэ. Нэгдлийн харъяа компаниудын төрийн эзэмшлийн ногдол ашгийн 34%-ийг “Хуримтлалын сан”-д төвлөрүүлэхээр хуульчилсан нь хамгийн чухал заалт юм. “Хуримтлалын сан”-гийн орлого тогтвортой байхын тулд компаниудын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Тиймээс яг энэ агуулгаар нэгдлийн эрх зүйн үндэс баталгаажиж байна.

Гуравт, төрийн чиг үүргийн дагуу дунд хугацаанд засаглал, үйл ажиллагаа, үйлдвэрлэл, мөн хувийн хэвшил, нийт ард иргэдэд үнэ цэн бий болгох аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний үндэс суурийг тавих, үйлдвэрлэл технологийн паркуудын дэд бүтцүүдийг бий болгох гэх мэт нэлээд хөрөнгө оруулалт шаардсан ажлуудыг хийхээр үндсэн концепцдоо тодорхойлсон. Энэ бүхнийг энэ 2024 оноос хэрэгжүүлээд явж байна.

-Таны ярианаас лавшруулаад асууя. Төрийн өмчит компаниуд үр ашиггүй байгаадаа шүүмжлүүлдэг. Гэтэл та үр ашиг чухал биш гэлээ. Тэгэхээр төрийн өмчит компани сайн ажиллаж байгааг бид хэрхэн ойлгож, юугаар хэмжих вэ?

-Тэгэж хатуу ойлгох хэрэггүй. Тухайн жилд гарах зардал, орох орлогын зөрүүгээр ашгийг тодорхойлдог. Ингэж үзвэл тэрхүү үзүүлэлтэд манипуляц хийж болно. Улс орны эрх ашиг, ард иргэдийн ирээдүйд, дунд болон урт хугацаанд үр өгөөж өгөхөд чиглэж, тэгсэн атлаа энэ жилийнхээ ашигт ажиллагааг бууруулах зардал гаргана гэсэн санаа. Аж үйлдвэрийн дэд бүтцэд хувийн хэвшил хөрөнгө оруулахгүй шүү дээ.

Тиймээс "Эрдэнэс монгол" зөвхөн өөрийн үйлдвэрийн хэрэгцээг хангах биш, аж үйлдвэрийн үндсэн түүхий эдийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийн дэд бүтцийг хийх гэж байна шүү дээ. Энэ нь бидний хувьд богино хугацааны ашгийг бууруулна. Харин урт хугацаандаа нийт ард иргэд, хувийн хэвшилд үр өгөөжтэй зардал юм. Зөвхөн өнөөдөр, энэ жилийн санхүүгийн цэвэр ашгийг өндөр байлгах нь бидний гол зорилт биш. Нийт эрх ашгийн төлөө ажиллах нь бидний үндсэн чиг үүрэг юм.

Нөгөө талаас нь тайлбарлавал, баялгийг сорчилж олборлоод, экспортолсноороо уул уурхайн компаниудын ашиг өндөр гардаг зүйл зарим хувийн хэвшилд анзаарагдаж байгаа. Дэд бүтцэд хөрөнгө оруулалтууд хийх нь хувийн хэвшилд үр ашиггүй. Харин бид баялгийг бүрэн дүүрэн ашиглах, нийт үр өгөөжийг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд зорилго, үйл ажллагаагаа чиглүүлж байгаа. Манай эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд энэ бүхэн агуулагдаж, туссан байгаа.

-Төрийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй гэж Та онцолж байна. Шинэ Засгийн газрын үйл ажиллагаатай та бүхний стратеги хэрхэн уялдаж байгаа вэ?

-2024 оны хагас жилээр үйлдвэрлэл 100%, санхүүгийн үзүүлэлт 110% гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үр дүнг сайн гэж дүгнэж болно. Шинэ Засгийн газар байгуулагдаж, улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэн ч гэсэн нэгдлийн хувьд залгамж чанар хадгалагдаж байгаа. Манай талаар баримтлах Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт ороогүй. ЭЗХЯ, АҮЭБЯ зэрэг оролцогч талуудад бодлого стратеги, үйл ажиллагаагаа танилцуулахад зөв чиглэлд явж байна гэж дэмжсэн. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн жагсаалтад манай 6 ҮТП-ийн бүтээн байгуулалт орсон. Энэ юуг харуулж байна вэ гэвэл өмнөх Засгийн газрын үед хийсэн дунд хугацааны стратеги төлөвлөгөө маань намуудын мөрийн хөтөлбөртэй уялдсан байна. Тиймээс бид их зөв талаас нь бодож хийж ээ гэж ойлгож байгаа. Түүнээс биш нэг намын мөрийн хөтөлбөрт ч юм уу тулгуурлаж хийсэн бол одоо ингэж нийцэхгүй байсан.

Нийт Монгол Улсын, ард иргэдийн, салбарын эрх ашгийг төрийн өмчит компанийн байр сууринаас тодорхойлж чадсан учраас манай стратеги дэмжлэг авч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Стратеги маань нэг талаасаа бизнесийн өсөлт дэвшлээ хангах, нөгөө талаас Монгол Улсын төрийн бодлогын хэрэгжилттэй нийцэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал бидний үйл ажиллагааг сайшааж, илүү цогц болгохоор 4 арга хэмжээг онцолж зарласан. Байгалийн баялгийн эзэн нь ард иргэд тул төрийн өмчит компанийн бүх үйл ажиллагааг шилэн нээлттэй болгож, худалдан авалт, борлуулалтын гэрээ хэлцэл, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг цахимжуулахаар төлөвлөсөн. Мөн аж үйлдвэрийн зөөлөн дэд бүтэц буюу хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол эко систем бүтнээрээ бий болохгүй. Ингэснээр аж үйлдвэрийн парк бодитоор амилах бололцоо бүрдэнэ. Үүний үр ашгийг бодитоор хүртэх боломж нь Үндэсний баялгийн сан юм. Тиймээс баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэхэд хэд хэдэн стратегийн бүтээн байгуулалт дээр онцгой анхаарахаар Засгийн газар ажиллаж байна.

Эх сурвалж: Эрдэнэс монгол