Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2024.10.15 13:27
167
АЦС: 100 жил үргэлжлэх төсөлд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал нь

Цөмийн эрчим хүч ашиглахад улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал нь. Учир нь энэ бол өнөөдөр яригдаад маргааш баригдах асуудал биш. Хамгийн багадаа 100 жил үргэлжлэх том төсөл. Иймээс ард иргэд нэгэн санаа бодолтойгоор дэмжиж, улс төр Засгийн газар ч тогтвортой байх нь чухал.

Учир нь дэлхий даяар атомын цахилгаан станц барих гэж байгаад зогссон, баригдаж байх үедээ зогссон, барьсны дараа зогссон олон туршлага байна. Тодруулбал, Малайз улсад баригдах хэлэлцээрийн үедээ дотоодын улс төрийн нөхцөл байдал, ард иргэдийн хүлээн зөвшөөрөхгүй байдлаас болж зогссон бол Бразил улсад баригдах явцдаа төсөл нь зогсжээ. Барьсны дараа зогсоосон төсөл нь Филиппин, Австри улсад тохиолджээ.

Иймээс бид мөн энэ алдааг давтахгүйн тулд эхлээд улс төрийн тогтвортой шийдэл, ард иргэд олонхийн санаа бодлыг нэгэн зүгт зангидах нь туйлын чухал гэдгийг олон улсын экспертүүд ч сануулж байна. Цөмийн комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн дарга С.Даваа “Манай улсын хувьд  2022 онд ЗГ-ын шийдвэрийн дагуу 3 сайдын тушаал гарч, том ажлын хэсэг байгуулсан. Цөмийн эрчим хүчийг ашиглахад дэд бүтцийн 19 үндсэн асуудлыг заавал шийдсэн байх ёстой гэдгийг Олон улсын атомын энергийн агентлагаас тодорхойлжээ. Одоо цөмийн эрчим хүчийг ашиглах эсэх талын судалгааны түвшинд байна. 19 асуудлыг бид хэзээ биелүүлж чадах вэ,  одоо бэлэн байгаа юм уу, дутуу юу байна вэ гэхчилэн судалж байна” гэлээ. Тэгвэл дэд бүтцийн 19 асуудал гэдэгт үндэсний байр суурь, цөмийн аюулгүй ажиллагаа, менежмент, хөрөнгө оруулалт ба санхүүжилт, цөмийн хяналт, цацрагийн хамгаалалт, цахилгаан шугам сүлжээ, хүний нөөцийн хөгжүүлэлт, оролцогч талуудын үүрэг, байршил, туслах байгууламж, хүрээлэн буй орчны хамгаалалт, ослын төлөвлөгөө, цөмийн түлшний менежмент, цацраг идэвхит хаягдал, аж үйлдвэрийн оролцоо, худалдан авалт гэхчилэн асуудал орж байна.

Дэлхийн улс орнууд хүлэмжийн хий, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гэхчилэн асуудлаас үүдэн нүүрсний хэрэглээнээс татгалзаж, ногоон эрчим хүч рүү шилжиж эхэлсэн. Үүний  гол төлөөлөл нь цөмийн эрчим хүч хэмээн тодорхойлж байна. Цөмийн комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн дарга С.Даваа “Бид цөмийн эрчим хүчийг хэрэглэх нь  гарцаагүй. Хэзээ вэ гэдэгт л байгаа юм. Цөмийн эрчим хүчийг ашиглая гэвэл төр засаг дээд зэргийн тогтвортой байх ёстой. АЦС-ийг нэг төсөл гэж авч үзвэл ойролцоогоор 100 жил үргэлжлэх төсөл. Тэгэхээр энэ бол асар их хариуцлага, тогтвортой бодлого хэрэгтэй. Нөгөө талаар ганц станц бариад үүндээ найдаад суух биш эрчим хүчний олон эх үүсвэртэй болох хэрэгтэй” гэлээ.

Ард иргэдийн хувьд цацраг идэвхит бодисын хог хаягдал, хор уршгаас нь болгоомжилдог нь нууц биш ч дэлхий дахинд шар нунтгийг ашиглах шинэ технологи гарсан, ашиглаж байна. 100 жил хэрэгжих төсөл учраас улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй гэдэгт бүгд санал нэгтэй дуугарсан. Харин манай үнэн дүр төрх дөрвөн жил тутам солигддогоос АЦС манайд удаан настай төсөл байж чадах уу гэх эргэлзээ төрүүлж байна