Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.10.15 13:56
2563
Хариуцах эзэнгүй хуулийг мөрдөх шаардлагатай юу?

Гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах хуулийн хүрээнд өнгөрсөн оны 12-р сард такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөг төлж, зөвшөөрөл авах хуулийг баталсан. Харин тус хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж байна.

Тодруулбал, Тус хуулийн хүрээнд хувь иргэн такси үйлчилгээ үзүүлбэл 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлнэ.

Ингэснээр зөвшөөрөлгүй буюу хувиараа такси үйлчилгээ эрхэлж, зарим төрлийн гэмт хэрэг, осол гарсан тохиолдолд зохицуулалт хийхэд амар хялбар болно гэдгийг албаныхан хэлж байсан.

Гэвч өнөөдөр тус хууль хэрэгжиж эхэллээ гэхээс өөр ямар нэгэн мэдээллийг албаныхан өгсөнгүй. Тус хуульд хэн хяналт тавих нь ч ойлгомжгүй хэвээр байна. Учир нь тус асуудлын талаар ТЦА-аас тодруулахад, одоогийн байдлаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна гэсэн юм. Мөн нийтийн тээвэр болон нийслэлээс тодруулахад мөн л ямар нэгэн мэдээлэлгүй, мэдээлэл өгөх боломжгүй гэх хариу тайлбарыг өгөөд байна.

 Энэ нь хуулийн төслөө баталсан ч хариуцах эзэнгүй хууль ахин нэгээр мэндэлснийг илтгэж байна.

Харин UB cab, Aba Mongolia зэрэг аппликэйшнээр үйлчилгээ авсан тохиолдолд тус хуулийн заалт хамаарахгүй. Үүнийг аль нэг компанимонопол тогтоож байна гэж хардах иргэд ч байгаа юм. Учир нь такси үйлчилгээ үзүүлж ар гэр, амьдрал ахуйгаа авч явдаг маш олон иргэн бий. Эдгээр иргэдийн хувьд 3-10 сая төгрөг төлж зөвшөөрөл авна гэдэг бараг л боломжгүй зүйл юм. Тиймээс эргэх холбоогүй, буцах эзэн буух хаяггүй тус хуулийн заалтаа эргэн нэг харах шарлагатай байна. Ядаж л хариуцах эзэн, албан байгууллагыг нь тодорхой болгосны дараа хуулиа батлах хэрэгтэйг сануулмаар байна. 

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ авч байгаа нь цаашаалтай хэдий ч логикгүй, хариуцах эзэнгүй хуулийг мөрдөх шаардлагатай юу?