Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.16 13:31
379
Д.Очирбат: Иргэд дураараа эм хэрэглэх нь өөрийн эрүүл мэндийг хохироож буй хэрэг

ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Зарим эмнэлгүүд санхүүжилтгүйн улмаас иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрч байгаа талаар хэлж байна. Нөхцөл байдал ямар байна?

 -ЭМ-ийн даатгалын хууль гарснаар төсвөөс санхүүжихээ больж гүйцэтгэлээр санхүүжиж байгаа. Эрүүл мэндийн салбарт 218 тэрбум төгрөгийн өртэй байна гэсэн. Гүйцэтгэлээр оны дараа 380 тэрбум төгрөгийн өртэй байх тооцоо судалгаа гарсан. 2025 оны төсвийн төсөл дээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын санд байгаа ЭМ-ийн байгууллагуудыг төр, хувийн хэвшил гэж ялгахаа байсан. Өр ковидоос хойш хуримтлагдсаар байгаад өнөөдрийн түвшинд хүрсэн ч үе шаттайгаар арга хэмжээ авч байна. Энэ оны төгсгөлөөр 380 тэрбум төгрөгийн өр гарахаар байна. Төсөв дээр 280  гаруй өр дарагдахаар байна. Эрүүл мэндийн даатгалын санг бэхжүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар эх үүсвэрт цугладаг мөнгөний хэмжээ маш бага. Үүнийг нэмж, сангаа арвижуулж байж цаашдын санхүүжилтийг тогтвортой байлгах хэрэгтэй.

-Эмийн жортой холбоотой иргэдийн дунд үл ойлголцол гараад байна?

-Өвчтэй, зайлшгүй эм хэрэглэх тохиолдолд эмчийн заавраар хэрэглэх ёстой. Дураараа эм хэрэглэх нь өөрийн эрүүл мэндийг хохироож буй хэрэг. Тухайн эмч эм бичихдээ тухайн өвчтөний биеийн онцлог, өндөр жинд нь тааруулж жор бичдэг. ЭМЯ-наас шинэ хууль гарсантай холбоотой юу гэж иргэд их асууж байна. Шинэ хууль огт ороогүй. Гагцхүү жороор олгодог эмийг жороор олгохгүй байвал тухайн эмийн сангийн байгууллагыг торгох торгуулийн хэмжээг өндөр болгосон. Цаашид хүн өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд дураараа эм худалдан авч, хоол шиг хэрэглэхээ л болих хэрэгтэй. Цаашид жорыг хөнгөн шуурхай хүргэх, урьдчилан сэргийлэх тал дээр илүү ач холбогдол өгч иргэн өөрөө эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх хэрэгтэй. Иргэд эмийн жортой эмийг , эмчийн бичиж өгсөн жороор хэрэглэж сурах л хэрэгтэй. Жоргүй эм олон бий.