Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.16 13:32
617
“Хүнсээр хангагдах эрх” эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг “Ирээдүй” сургуулийн 10д ангийн сурагч М.Нарансолонго хүртлээ
 

“Ирээдүй” сургуулийн 10д ангийн сурагч М.Нарансолонго “Хүнсээр хангагдах эрх” эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын бичвэр.

Хүнсээр хангагдах эрх нь НҮБ-аас  баталсан хүний үндсэн эрхүүдийн нэг. Хүний амжилттай байх таван шатлалын нэг нь “Бие физиологийн хэрэгцээ байдаг. Бие физиологийн хэрэгцээний гол үндэс суурь нь хооллож, ундлах” гэж АНУ-ын эрдэмтэн Абрахам Маслоу хэлсэн байдаг. Тиймээс хүн эрүүл зөв хооллох нь хамгийн чухал юм.

Хүний бие бол гайхамшигт механизм бөгөөд үүнийг зүй ёсоор ажиллуулахын тулд “зөв түлш”-ээр тэжээх хэрэгтэй. Эрүүл хооллолт нь бие махбодын түлш бөгөөд бидний эрүүл мэнд, эрч хүч, тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Бидний биеийг “Автомашин” гэж төсөөлбөл тохирсон түлш хийж байж л илүү хол зам туулна. Эрүүл, зөв хооллож чадвал бид илүү эрч хүчтэй, аз жаргалтай, амьдрах боломжтой. Харин буруу хоолловол тархи удааширч, бие суларч, анхаарал төвлөрөл муудаж эхэлдэг. Тиймээс хүн бүр эрүүл хооллолтыг өөрийн амьдралын салшгүй нэг  хэсэг болгох хэрэгтэй. Ялангуяа өсвөр насныхан үүнд илүү анхаарах нь чухал байна. Учир нь өсвөр нас бол хүний амьдралын хамгийн чухал үе юм. Бидний бие, тархи илүү хөгжиж, ирээдүйд ямар хүн болох үндэс суурь нь тавигдаж байдаг. Монгол хүүхдүүдийн хувьд уламжлалт хоол нь мах, гурил, цагаан идээ дээр тулгуурладаг, гэвч өнөөгийн нөхцөлд түргэн хоол, чихэрлэг хийжүүлсэн ундаа,  дэлгүүрийн лангуун дээрх бэлэн бүтээгдэхүүн зэргийг ихээр хэрэглэх болсон нь маш буруу хооллолт юм. Эдгээр нь хадгалалтын нөхцөл нь шаардлага хангахгүй байхаас гадна хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд байгаа нь сахрын хэрэглээ, таргалалт, чихрийн шижин, өөр бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс зөв шийдэл нь төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, уураглаг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь бие махбодын хөгжил болон оюун санаанд чухал ач холбогдолтой. Мөн монголчуудын өнө эртнээс уламжлал болж ирсэн цагаан идээгээ түлхүү хэрэглэх нь зөв юм. Эрт дээр үеэс цагаан идээг хавар, намар, зуны улиралд түлхүү хэрэглэдэг байхад өвчлөл маш бага байсан нь олон судалгаанаас харагддаг. Гэхдээ зөвхөн юу идэж байгаагаас гадна хэрхэн идэж байгаадаа анхаарах нь ч бас чухал. Тухайлбал: түргэн хоолны оронд энгийн боловч шим тэжээлтэй хоол гэртээ хийж идэх нь бидний эрүүл мэндэд илүү ашигтай. Өдөрт хамгийн багадаа гурван удаа шим тэжээлтэй хоол идэж, өглөөний цайгаа заавал ууж хэвших нь хичээл номдоо илүү төвлөрч, эрч хүчтэй байхын үндэс суурь юм. Өсвөр насны хүүхдүүдийн бие асар их өөрчлөлтөд ордог тул яг энэ үед зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн бидний ирээдүйн эрүүл бие махбодын суурийг тавьдаг. Эрүүл хооллолт нь зөвхөн гадаад үзэмж төдий бус, харин бидний тархи, сэтгэл санаанд ч эергээр нөлөөлдөг.

Харин үүнийг зөвхөн хувь хүн өөрөө биш, нийгмээрээ дэмжих хэрэгтэй байна. Төрийн бодлогоор зохицуулж сургууль, цэцэрлэгүүдийн “Үдийн цай” хөтөлбөрт шим тэжээлтэй, хүүхдүүдийн өсөлт хөгжилд нөлөөлөхүйц чанартай хоол хүнс багтаах шаардлагатай байна. Зарим сургууль, цэцэрлэг ямар ч шим тэжээлгүй, түр зуур гэдэс цатгах хоол хүнс өгч байгаа нь харамсалтай. Долоо хоногийн 1-2 өдөрт нь уламжлалт сүү, цагаан идээгээ хүүхдүүдэд өгч байвал маш зөв бодлого гэж би хувьдаа бодож байна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эрүүл хооллолт болон зөв амьдралын хэв маягийн талаарх мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг явуулах нь үр дүнтэй. Гэсэн хэдий ч Монгол Улсад хүнсний тэгш хүртээмжтэй байдал, ялангуяа бага орлоготой айл, өрхүүдийн хувьд эрүүл хүнс авахаас илүүтэй хямдхан, шим тэжээл багатай, бэлэн боловсруулсан хүнс хэрэглэж, шим тэжээлийн дутагдалд орох нь элбэг байдаг. Тиймээс эрүүл хооллолтын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Төрөөс ядуурлыг бууруулах бодлогыг эрчимтэй явуулах, цалингийн дундаж хэмжээг өсгөх шаардлагатай байна.

Хүүхдүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол сонголт хийх явдал. Сонголт хийх эрх бидний гарт байдаг бөгөөд өөрийн эрүүл мэндийг сайжруулахын тулд энгийнээс эхэлж болно. Жишээлбэл: өдрийн хоолны цагаараа чипс, хийжүүлсэн ундаа зэргийг хэрэглэхээс татгалзаж, оронд нь жимс түлхүү хэрэглэх, ус ихээр уух нь бидний эрүүл мэндэд томоохон өөрчлөлт авчрах энгийн алхам юм.

Эцэст нь хүнсний аюулгүй байдлыг шалган сайжруулснаар Монголын ирээдүйг эрүүл чийрэг, аз жаргал дүүрэн иргэд бүрдүүлснээр дундаж наслалт нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засаг хөгжихөд маш ихээр нөлөөлнө.Эрүүл ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал тул одоогоос эхлэн эрүүл тэнцвэртэй, аюулгүй хооллолтын дадалд суралцаж, ирээдүйдээ хариуцлагатай хандацгаая!