Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.16 16:53
327
У.Отгонбаяр: ЭМД хувиараа төлөгчид 23 тэрбумын шимтгэл төлөөд 100 тэрбумын тусламж үйлчилгээ авч байна

Эрүүл мэндийн даатгалын сан бүрдүүлэлт, гүйцэтгэлийн санхүүжилтын асуудлаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас тодрууллаа. Тэрээр "Эрүүл мэндийн салбар гэдэг хэн нэгэнд үйлчилдэг салбар биш шүү дээ. 2025 оны улсын төсөв хэлэлцэж байна. Зарим эмийг жороор олгож, заримыг жоргүй олгох асуудал маш хурцаар хөндөгдөж байна. Нэг төрлийн эм заримыг жороор заримыг жоргүй олгох асуудал байхгүй гэдгийг эмийн зөвлөлөөс хэлж байна. Манай стандарт муу байгаагаас өнөөдөр хэрэглэж байгаа эмийг хэдэн хоногоор эдгэхгүй байхад гадаадаас ирсэн эм илүү үйлчилгээтэй байх жишээтэй. Тэгэхээр бид стандартдаа анхаарах хэрэгтэй. Эмийн лаборатори нарийн өндөр түвшинд хэд хэд байж өрсөлдөөн бий болно.  ЭМД-ыг нэмнэ гэдэг ард иргэдийн нуруун дахь ачаа л нэмэгдэнэ. ЭМД-ын сан бүрдүүлэлтийг баялгийн сантай уяж байж  энэ сан ахисан түвшинд очиж, шинэчлэгдэнэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид 23 тэрбум төгрөгийн шимтгэл төлдөг. Тэр бүлгийн хүмүүс 100 орчим тэрбум төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна гэх тооцоо бий. Энэ хооронд багагүй зааг ялгаа байгаа.  Иймээс энэ сан бүрдүүлэлтийг  өөрчлөх хэрэгтэй. Үүний нэг хэсэг нь "Баялгийн сан"-тай холбох" гэлээ.