Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.10.17 13:23
389
Г.Дамдинням: Монголбанк үхмэл банкуудаа зомби шиг амьд байлгадаг газар болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх онд баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна.  Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Нийгмийн даатгалын сангаас зээл аваад алга болсон Капитал,  Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны активыг Монголбанк өөр дээрээ авсан уу. Активыг яаж зохицуулж байгаа вэ? Актив удирдлага дээр ямар зохицуулалт хийж байна вэ? Байгаа хуулийн хүрээнд зохицуулж чадахгүй байгаа бол хэл л дээ. Үгүй бол Монголбанк баахан банкуудын бүтэлгүй зээлийн активыг нэг бол авна, эсвэл авахгүйн тулд үхмэл банкуудаа зомби шиг амьд байлгадаг газар болоод байна.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Нийгмийн даатгал, ЭМД-ын сантай холбоотой гурван банк дээр асуудал бий. 2019 онд Капитал банкийг татан буулгах үед 240 тэрбум төгрөгийн өглөг байснаас Нийгмийн даатгалын сангийн 37,2 тэрбум,  ЭМД-ын сангийн 58,8 тэрбум төгрөг төлөгдсөн. Өнөөдөр нийгмийн даатгалын сангийн  67 тэрбум,  ЭМД-ын сангийн  77 тэрбум төгрөгийн авлага "Капитал" банкинд үлдсэн. "Капитал" банкийг татан буулгаад эрүүгийн хэрэг үүсгэж,  бүх барьцаа хөрөнгө битүүмжид байлгасан. Битүүмж  энэ онд суллагдаж, барьцаа хөрөнгө эргэлтэд ороод төлбөр төлөгдөөд явж байна.

 "Чингис хаан" банкны үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум,  ЭМД-ийн 30,9 тэрбум төгрөгийн өглөгтэй байснаас долоон тэрбум төгрөг төлөгдсөн.

"Үндэсний хөрөнгө оруулалтын банк" дээр 2019 онд нийгмийн даатгалын сангийн 35,9 тэрбум,  эрүүл мэндийн даатгалын сангийн 30,9 тэрбум төгрөг бүгд төлөгдөж дууссан. Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр хянагч тавьсан. БЭТ томилвол шууд татан буугдах ажиллагаа явагддаг учраас дараагийн хөрөнгө оруулагч банкийг худалдан авах эрхийг нээлттэй үлдээх зорилгоор хянагч тавьсан. Дараагийн хөрөнгө оруулагч төрд учруулсан өглөг болох ЭМДС, НДС-ийн өр төлбөр төлөөд худалдан авах эрх нь нээлттэй" гэлээ.