Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ баасан гараг буюу энэ сарын 18-20-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалттай ярилцлаа.
Улсын хэмжээнд цэрэг татлага, цэрэг халагдалтын арга хэмжээ явагдаж байна. Өчигдөр нийслэлийн цэрэг татлагын товчоо хуралдаж бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Энэ удаагийн цэрэг татлага орон нутгийн сонгуулийн дараа болж байгаагаараа онцлогтой.
Нийт цэрэг татлагад ирсэн залуусын 25-30 хувь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаас бусад хүчин зүйлээс болж цэрэг татлагын товчоонд ирэхгүй тохиолдол мөн байна. 2023 оны байдлаар мэс заслын шалтгаант эмгэг, дотрын өвчин давамгай байна.
Залуучуудын амьдралын хэв маяг эрүүл мэндийн байдалд нь шууд нөлөөлж байна. Зүрх судасны эмгэг залуужсан байна. Тиймээс залуучуудыгаа эрүүл мэнддээ анхаараарай гэж хэлмээр байна.
2012-2016 онд “сурч байгаа” гэсэн томьёололтой иргэнийг цэргээс чөлөөлдөг байсан. Гэтэл энэ заалт үндсэн хуулиа зөрчиж байсан. Сургуульд сурах боломжгүй хүүхдүүд цэрэгт яваад, оюутныг чи сурч байгаа юм чинь үлд гэх нь шударга бус. Тийм учраас хуульд өөрчлөлт оруулж, хэн ч байсан цэргийн алба хаана гэдэг тэгш эрхийн зарчим хэрэгжиж эхэлсэн.
Цэргийн алба хаана гэдэг улс орны тусгаар тогтнолын асуудал учраас үүргээ биелүүлээрэй гэж уриалмаар байна.
Цэргийн албаны тухай хуулийн 16-р зүйлд цэрэг татлагаас дараах үндэслэлээр чөлөөлөхөөр тусгасан. Үүнд:
16.1.1 Эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон
16.1.2 Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан
16.1.3 Эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон
16.2 Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараах үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно
16.2.1 Ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй
16.2.2 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр
16.2.3 Сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй
16.2.4 Эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй
16.2.5 Хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;
16.2.6 Хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;
16.2.7 Гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг
16.3 Энэ зүйлийн 16.2-т заасан үндэслэлийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон баримт, эмнэлгийн магадалгааг үндэслэн тогтооно гэж тусгажээ.
Хамгийн гол нь хүндэтгэн үзэх шалтгаанаа батлах баримт бичгээ заавал авч ирэх хэрэгтэй.
Мөн цэргийн албыг мөнгөө төлөөд хаая гэх яриа их байдаг. Иргэн 26 нас хүрсэн тохиолдолд мөнгөөр дүйцүүлэн хаадаг. Залуучуудыгаа цэрэг татлагадаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Цэргийн алба хаасан залуучуудыг ажилд авах хүсэлтэй олон газар байдаг.
Өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутаг, баялгийг цэргүүд л хамгаална шүү дээ. Цэргийн албаа хаагаад өөрөөрөө бахархаарай гэж хэлмээр байна.
Шууд дамжуулалтыг үзэх: