Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.10.17 16:39
485
Эрх ямбаа эдэлсэн бол үүргээ биелүүлдэг байя, эрхэм түшээд ээ!

УИХ-ын Чуулганы ээлжит бус хуралдаан өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр эхлэн, ажлын 12 өдөр хуралдаж улс орны хэмжээнд ихээхэн чухал 39 асуудлыг хэлэлцэж, хаалтаа хийсэн юм. Тэгвэл энэ хугацаанд тойргоос бус тооноор орж ирсэн УИХ-ын гишүүн Д.Ганмаа гадаадад байгаа гэх шалтгаанаар хуралдаанд огт суугаагүй бол Д.Батлут, Н.Алтанхуяг, Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Э.Бат-Амгалан гэх мэт нийт 23 гишүүн 1-4 удаа тасалсан ирцтэй байсан юм. Хоцролтын тухайд, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Ш.Бямбасүрэн нар тэргүүтэй 82 гишүүн 1-5 удаа хоцорсан үзүүлэлттэй байсан бол чөлөөтэй, томилолттой гэх мэт ямар нэг шалтгаанаар хуралдаанд суугаагүй гишүүдийн тоо зонхилж байлаа.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 2 удаа хуралдаан тасалсан, УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаад улсад зорчсон гэх шалтгаанаар Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос түүнд сануулах арга хэмжээ аван, хэсэгтээ шуугьсан. М.Нарантуяа-Нарагийн тухайд уг үйлдэлдээ уучлалт гуйж, гишүүдийн хоцролт, таслалтын асуудал мартагдсан юм.

Тэгвэл, энэ удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрэлдэж, УИХ-ын Чуулганы ээлжит хуралдаан 10 дугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн ч харамсалтай нь гишүүдийн идэвх сул, учир начраа ч ололгүй явсаар өдий хүрч байна. Тодруулбал, байнгын хороод, чуулганы хуралдааны ирц хангалтгүй, хоосон ширээ сандлуудаар дүүрэн байгаа нь парламентын гишүүд иргэдийг төлөөлөх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн илрэл юм.

Угтаа бол УИХ-ын гишүүн нь "Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна" хэмээн тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлдэг.

Гэтэл тэд бүрэн эрхээ эдлээд үүргээ биелүүлэхээ мартчихаад буйг сануулах нь зүйтэй биз ээ! Мөн “кнопны гишүүдийг” ч мартаж болохгүй. Ирцээ бүртгүүлчхээд, ар гэр, хувийн асуудлаа шийдээд тэнээд явчихдаг нөхдүүдэд хариуцлага тооцох тогтолцоог бид нэхэх ёстой.

Уг асуудлын хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийлж, намын нөхдөө ч матаад авлаа. Нэхэн сануулахад, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл “би угаасаа хоцордог юм” гээд хээв нэг хэлээд зогсож байсан нь ч бий. Түүнд ямар ч хариуцлага тооцоогүйг мөн энд дурдъя!

Өнөөдрийн тухайд, Ж.Энхбаяр тэргүүтэй 14 гишүүн хоцорч, 19 гишүүн томилолт болон чөлөөтэй гэх үндэслэлээр хуралдаандаа ирээгүй байна. Хэдийгээр бусад гишүүд хуралдаанд ирж ирцээ бүртгүүлсэн ч ихэнх нь өөрийн үг хэлэх асуудал дээр орж ирж, бараа сүрээ харуулчхаад гараад явсан нь дүрс бичлэгэн дээр бууж үлдсэн юм. Тэгвэл энэ мэт чихэр шиг амлалтыг өгч, уйлж дуулж төрийн өндөр албан тушаалд заларсан хариуцлагагүй гишүүдэд хариуцлага тооцож, эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авахыг нэхдэг, хэлдэг байя! Тэд бүрэн эрх ямбаа эдэлсэн бол, үүргээ биелүүлэх ёстойг дахин сануулъя!