Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.17 17:24
298
Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг торгох хуулийн зохицуулалт байхгүй

Гэнэтийн шийдвэр мэт олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цахим орчинд тарж, улмаар иргэд яг яахаа мэдэхгүй байдалд орох нь олонтаа болжээ. 

Үүний нэг жишээ бол хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг зөвшөөрөлгүй бол 5 саяар торгоно гэх мэдээлэл юм. 

Угтаа хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг торгох ямар ч хуулийн зохицуулалт байхгүй аж.

Энэ талаар бид үнэн бодитой нэгдсэн мэдээллээр хангах үүднээс Нийтийн тээврийн бодлогын газраас тодрууллаа.

Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг хүргүүлсэн байна. 

Хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн зөрчлийн хуулиар торгуулахгүй гэдгийг нийтийн тээврийн бодлогын газраас хэлж байв. Мөн зөвшөөрөл бүхий 4 аж ахуй нэгжид харьяалагдах 250 такси байдаг гэнэ. 

Иргэд албан ёсны такси үйлчилгээ эрхлье гэдэг хүсэлтэй бол нэгдэн нийлж аж ахуй нэгж байгуулаад албан ёсны зөвшөөрөл авах боломжтой аж. 

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан хэдий ч цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг хүргүүлсэн юм байна. 

Гэвч олон нийт шүүмжлээд эхлэнгүүт хуулиасаа өөр юм ярьдаг, сошиал шүүмжлэлээр ажлаа хийдэг, тийм зохицуулалт байхгүй гэж мэлздэг дарга нар олон байна. Иргэд та нарын гаргаж буй шийдвэрийн туршилтын туулай биш эрхэм дарга нараа !!!