Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.18 16:14
702
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар Б.Золбоо сонгогдлоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн саналаар ялалт байгуулсан.  Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 9 дэх удаагийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.18/ боллоо.

Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох дүүргийн 22 хорооноос сонгогдсон төлөөлөгч Жангаагийн Гантогтох даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд дүүргийн сонгуулийн хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.

Мөн Дүүргийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 төлөөлөгчийн 5 санал хүчингүй болж, 88,3 хувийн саналаар олонх дэмжиж Бат-Эрдэнэ овогтой Золбоо дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдлоо.

Улмаар дүүргийн ИТХ-ын Даргын тамгыг 2024 оны дүүргийн ИТХ-ын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Дашдараагийн Ундармаа гардуулан өгч, амжилт хүслээ.

Мөн дүүргийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  дүүргийн Засаг даргад Цэдэндамбын Баттөрийг  дэвшүүлж, нууц санал хураан 97,6 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Дүүргийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт уламжлахаар болов.