Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.18 17:16
665
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай боллоо

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо.

Тус хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Махвалын Цэнд-Аюушийг сонголоо. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болж байгаа аж.

М.Цэнд-Аюушийн хувьд  2020-2024 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд энэ удаагийн орон нутгийн сонгуульд дүүрэгт дахин нэр дэвшин өрсөлдөж, хоёр дахь удаагаа иргэдийн итгэлийг хүлээн ялалт байгуулснаар ийнхүү бүлгийн даргаар ажиллахаар болж байна. 2020-2024 оны дүүргийн МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Хосбаяр түүнд МАН-ын бүлгийн тамгыг нь гардуулан өгч, амжилт хүслээ.

Мөн хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Баттөр, ИТХ-ын даргаар Б.Золбоо  нарыг дэмжсэн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан  дүүргийн МАН нийслэл, дүүрэгтээ 100 хувийн ялалт байгуулсан билээ. Энэ удаагийн дүүргийн ИТХ-ын 43 төлөөлөгчийн 42 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Сонгинохайрханчуудын хувьд “Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг” гэдгээ харуулж чадсан үзүүлэлт болсон юм.