Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.10.22 10:37
321
Б.Баттүвшин: Иргэд гал түлэх дэс дарааллаа алдах, яндангаа аваад өрхөө бүтээж унтсаны улмаас угаартаж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 хүн угаартсаны 12 нь хүүхэд байсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс тус асуудлын талаар НЭМҮТ-ийн хор судлал шуурхай удирдлагын албаны дарга. Б.Баттүвшинээс тодрууллаа

-Угаарын хийн хордлого, нас баралтын тоо буурсан гэж албаныхан мэдээлж байна. Тэгэхээр өнгөрсөн он болон энэ оны эхний хэдэн сарын статистик мэдээллийг та хүргэхгүй юу?

-Энэ оны 10-р сарын 22, өнгөрсөн оны 10-р сарын 22-ны өдөртэй харьцуулахад тоон үзүүлэлтээрээ цочмог хордлогын тоо хэмжээ 18 хувиар, нас баралтын тоо хэмжээ 32 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь салбар хоорондын уялдаа холбоог нэг мэдээллийн сувагт оруулан ажилласантай холбоотой. Угаар мэдрэгчийг 24/7 ажиллуулах, яндангийн сойлт, битүүмжээ шалгах, галлагааны дэс дараалал гэсэн чиглэлээр заавар зөвлөгөө зөвлөмжийг хэсгийн төлөөлөгч нарт тогтмол өгсөн. Мөн өрхийн эмч нарт сургалт явуулсны үр дүн гэж харж байгаа. 

-Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд 12 хүүхэд угаартсан гэх мэдээлэл гараад байна. Энэ асуудлын талаар мэдээлэл өгнө үү?

Эдгээр тохиолдлууд цас орсны дараа гарч ирдэг. Угаартсан тохиолдлын дийлэнх нь яндангаа аваад өрхөө бүтээж унтсантай холбоотой байдаг. Мөн галын дэс дараалал алдагдсан, том хүний хараа хяналтгүйгээр гал түлж угаартсан тохиолдол маш их бүртгэгддэг.

-Угаартсан 12 хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл танд ирсэн байгаа юу?

-Хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтвортой, хөнгөн зэргийн хордлоготой байгаа. Хөнгөн зэргийн хордлого нь толгой эргэх, бөөлжих, дотор муухайрах, тухайн хүний бие физиологиосоо хамаараад харилцан адилгүй шинж тэмдэг илэрдэг. Угаарын хий хүний биед яаж нөлөөлдөг вэ гэхээр нүүрс дутуу шатсаны улмаас угаарын хийг үүсгэдэг. Энэ нь амьсгалын замын эрхтнээр ороод цусан дахь хүчил төрөгчийн оронд оксигемоглобин үүсгэж хүчил төрөгч үүсдэг бол карбон моноксид үүссэнээр угаарын хий цусанд шингэж ороод тархи, зүрхэнд амьсгалын дутмагшил үүсгэдэг. 

Химийн бодис сүүлийн жилүүдэд маш ихээр ихсэж байгаа. Өөрөөр хэлбэл, бидний химийн бодисын хэрэглээ жилээс жилд ихсэж байна. Ялангуяа бага насны хүүхэд асран хамгаалагчийн хараа хяналт муугаас болж ахуйн хүрээнд хордох тоо өндөр байгаа. Ахуйн газ, цэвэрлэгээний бодисыг хүүхэд санамсаргүй уух тохиолдол маш ихээр бүртгэгддэг.

-Угаартсан иргэд сайжруулсан түлшний угаар ямар нэгэн амт үнэргүй, угаартаж байгаагүй мэдээгүй гэж ярьдаг.

-Карбон моноксид нь ямар нэгэн өнгө, үнэр, амтгүй. Эхүүн үнэртэй гэдэг нь бусад химийн бодисын нөлөөнөөс хамаарна. Хүчил төрөгч дутагдахаар хүнд толгой эргэх манарах шинж тэмдэг илэрдэг. Тэр шинж тэмдгийг л үзүүлж байна гэсэн үг. Эсвэл дотор муухайрч бөөлждөг. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Түргэн ирэх хооронд тухайн эх үүсвэрээс холдох, халуун бүлээн ус уухыг зөвлөж байна. 

Шууд дамжуулалт: