Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.25 08:56
1357
П.Батчулуун: Бөөр, элэг, зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай маш олон хүмүүс донор хүлээсэн байдалтай байгаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуунтай ярилцлаа. 

Донор гэх ойлголтыг манай улсын иргэд хэрхэн хүлээж авдаг вэ? 

Анх 1950-иад оноос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ Дэлхийд дээр эхэлсэн. Энэ үеэс анх амьд донороос эрхтэн шилүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн байдаг. Энэ нь бол гэр бүлийн аль нэг гишүүнээс хос эрхтний нэгийг цуллаг эрхтний талыг нь авч хийж эхэлсэн. 

1960-аад оны эхэн үеэс амьгүй донор буюу тархинд нь гэмтэл авч, цус харваж харамсалтайгаар амиа алдсан хүмүүсээс эс, эрхтэн шилжүүлэн авч эхэлсэн байдаг. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 1996 оноос хойш бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 380 орчим хүнд хийсэн. 

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 2011 оноос эхэлж өнөөдрийн байдлаар 290 хүнд хийсэн бол хавдар судлалын үндэсний төв дээр 170 гаруй хүнд энэ эмчилгээг хийсэн байна. 

Эдгээрийн 95 хувь нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийжээ. 

Монгол Улсад жилд 2500-3000 орчим хүн осол, гэмтэл болон даралт ихсэх өвчнөөс болж тархинд нь цус харваж нас бардаг. Өнөөдрийн байдлаар бөөр, элэг, зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс маш олон байгаа. 1300 гаруй насанд хүрсэн хүн, 30 гаруй хүүхэд донор хүлээсэн байдалтай байна. 

Донорын үйл хэргийг манай иргэд ойлгодог, мэддэг болсон. Тэр дундаа залуучууд хамгийн их ойлголттой байдаг. Татгалзах хүн олон байдаг. 

Олон улсад донор гэх ойлголтыг хэрхэн хүлээж авдаг вэ? 

Америкийн нэгдсэн улс, Европын улсуудад амьгүй донорыг хүмүүсийнхээ амь насыг хамгаалах үйл хэрэгт ашиглаад сурчихсан байдаг. Хуулиар зохицуулж өгсөн, хэрэв хувь хүн надад ямар нэгэн юм тохиолдсон тохиолдолд би донор болохгүй шүү гэдэг хүсэлтээ тэмдэглүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу донор болгодог. 

Ер нь цаашид яах вэ? Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах хэмжээнд хүртэл эрүүл мэндээ дордуулсаар байх уу? 

Монголчууд өөрсдийнхөө алд биеийг хүний юм шиг ашигладаг. Архи ууж, тамхи татах, элдэв янзын асуудлуудаас болоод элэг болон бөөр, зүрхний даралт ихсэх өвчин гээд маш олон төрлийн өвчнүүд байна. Манай алба 2018 онд байгуулагдаад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төсөв боловсруулж заавал эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох хүртлээ явах ямар хэрэгтэй юм бэ? гээд улсын нэгдүгээр төв эмнэлэгтэйгээ хамтраад сарын аянг зохион байгуулсан. Нийтдээ 2000 гаруй хүн үзэж оношилгоо эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн. 

10 гаруй хавдартай хүн, бөөрний дутагдалтай 20-иод хүн, цусны даралт ихсэх өвчтэй 30 гаруй хүнийг илрүүлж байсан. Энэ бол ердөө хоёрхон мянган хүнээс илэрсэн тоо.  Өвдсөнийхөө хойно биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй байна

Дэлгэрэнгүй үзэх: