Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх, дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Өглөөний зочин шууд ярилцлагаараа НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатартай ярилцлаа.
Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн эрсдэл өндөр хороодын иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэж ажиллаж байна. Аяныг нийслэлийн Онцгой байдлын газар, УБЦТС ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хэсэгчилсэн инженерын хангамжийн удирдах газрын Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс, дүүрэг, хорооны ЗДТГ, “Дэлхийн зөн” ОУБ хамтран зохион байгуулж буй.
Д.Хадбаатар: Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гал түймрийн 1506 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж 302 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 3101 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй болгосон байна. Гал түймрийн нийт дуудлагын 40,7 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд гарсан дуудлага эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд гэр хорооллын айл өрхийн гэр, байшин, хашаа, орон сууцны хорооллын хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Монголын Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийн хангах чиглэлээр хамтран ажиллана.
Мөн нийслэлийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааны арга хэмжээг хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Иймд иргэд, олон нийт мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч, гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө хамгаалан урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.