Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.10.29 17:06
3177
Монгол Улс, Казахстан Улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн (цаашид “Талууд” гэх) 1992 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол” болон 1993 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр бэхэжсэн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 1998, 2007, 2008 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хамтарсан мэдэгдэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв.

Талууд Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн дагуу, хоёр талын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Талууд санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтов.

Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан 1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах; 2. Худалдаа, эдийн засаг; 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи; 4. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; 5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван  тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов. 

Нэг. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах:

Хоёр улсын төрийн тэргүүн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, хоёр орны төр, засгийн тэргүүн нарын ойр дотно харилцааг гүнзгийрүүлэн, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхээр болов. Мөн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хүчний болон хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн бүс нутгийн хэмжээнд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

  • Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, цэргийн атташег харилцан томилох, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Олон улсын терроризм, шашны хэт даврах үзэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт болон түүнтэй адил бодис, зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цөмийн материалын хууль бус наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөний эсрэг тэмцэлд хоёр талын түвшинд нягт харилцан ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Энэ хүрээнд Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Цөмийн зэвсэг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх асуудлаар хоёр улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааны хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр тогтов.
  • Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстаны Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн Зөвлөлдөх уулзалт, Консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, 2025-2027 онд бүхий л салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам хооронд хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох механизмыг идэвхжүүлэхээр тохиров.
  • Монгол, Казахстаны орон нутаг хоорондын солилцоо, ах дүү хотуудын найрсаг харилцаа болон хоёр орны залуучууд хоорондын солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.

Хоёр. Худалдаа, эдийн засаг:

Талууд орчин үеийн техник технологи, хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Монголын байгалийн арвин нөөц зэрэг Монгол, Казахстаны давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов. Талууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар болов.

  • Монгол, Казахстаны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмол зохион байгуулах, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлэх, шаардлагатай тохиолдолд тодорхой салбарын хоёр талын ажлын хэсгийг байгуулж ажиллахаар тогтов.
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр талын хууль, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр тохиров. Талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал” байгуулсныг өндрөөр үнэлэв. Хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах явцыг эрчимжүүлэхээр болов.
  • Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн казахстаны зах зээлд нийлүүлэх, Казахстан Улсаас монголын зах зээлд импортлох жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын өргөн уудам тал нутаг, бэлчээрийн аж ахуйг үр ашигтай ашиглан хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Талууд идэвхтэй хамтран ажиллахаар болов.
  • Экспорт, импортын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор хоёр улсын мал эмнэлэг, хорио цээрийн асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн системийг үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • “Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага” (WOAH)-ын олон улсын стандартын дагуу мал амьтны эрүүл мэнд, түүний дотор вакцинжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.
  • Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хяналт, шалгалтын Хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Олон улсын худалдааны танхимын дэргэд Бизнес зөвлөл байгуулсныг Талууд сайшаан тэмдэглэв. Цаашид аж ахуйн нэгжийн төлөөлөл, баялаг бүтээгчдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр улсад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох, хоёр талын бизнес форумыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулахын чухлыг онцлов.

Гурав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи: 

Хоёр улсын төрийн тэргүүн орчин цагийн мэдээлэл технологийн эрин үетэй хөл нийлүүлэн боловсрол, шинжлэх ухаан, цахим технологи, харилцаа холбоо зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Казахстаны соёлын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улмаар нүүдэлчин соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.

  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монголын оюутан залуусыг тус улсын их, дээд сургуулиудад суралцуулж буйг монголын тал өндрөөр үнэлэв.
  • Ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахын төлөө дээд боловсролын чадавхыг бэхжүүлж, бусад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиров. Мөн Казахстан Улс дахь монгол хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд монгол, казах хэлний багш нарыг харилцан сургах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
  • Шинжлэх ухаан, стратеги судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, энэ хүрээнд шилдэг туршлагыг харилцан солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, түүх археологийн судалгаануудыг харилцан дэмжих, эсгий туургатны болон нүүдлийн соёл уламжлалыг дэлхий нийтэд таниулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Монгол Улс Түрэг судлалын академитай шинжлэх ухааны байгууллагын түвшинд хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Талууд түүхийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
  • Мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйг Талууд сайшааж, энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахим дэд бүтцийн хөгжил, цахим засаглал, эдгээр салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи ашиглах чиглэлээр туршлага солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиров.
  • Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстан Улс нь эрт үеэс түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой явж ирснийг Талууд онцолж, энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт, дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.
  • Соёлын салбарын хамтын ажиллагааг тэлэх хүрээнд соёл, урлагийн асуудал эрхэлсэн яам, холбогдох байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх, хамтарсан Ажлын хэсэг байгуулах, хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр болов.
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Хоёр орны эрдэмтэн судлаачид Монгол Улсын Булган, Архангай, Хэнтий зэрэг аймагт археологийн малтлага судалгааны ажил гүйцэтгэж, Төв Азийн нүүдэлчдийн аж ахуй, шашин, соёлыг тодотгон харуулах үнэ цэнэтэй олон дурсгалыг нээж илрүүлснийг Талууд сайшаав. Цаашид тус судалгааны ажлыг тодорхой сэдвийн хүрээнд урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхээр тохиров.

Дөрөв. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн солилцоо: 

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлэх, Улаанбаатар-Астана чиглэлийн шууд нислэг үйлдэх, тээвэр, логистикийн шинэ маршрутыг шат дараатайгаар бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн чухлыг онцлов.

  • Монгол, Казахстаны зам тээврийн харилцаа, түүний дотор агаарын болон авто тээврийн шууд харилцаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг Талууд өндрөөр үнэлэв.
  • Хоёр улсын төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг бүс нутгийн улс орнуудтай яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх гарц, боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлж ажиллахаар тохиролцов.
  • Монгол Улсын Зам тээврийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Талууд бүс нутгийн хүрээнд хэлхээ холбоогоо бэхжүүлэх, түүний дотор “Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут”-ын (Дунд Коридор) хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгдэв.
  • Цаашид хоёр улс хоорондын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Хоёр орны хамтын ажиллагаанд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзэлдгийг Талууд тэмдэглээд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болов.
  • Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Талууд санал нэгдэв.
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.

Тав. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа 

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

  • Монгол, Казахстан Улс НҮБ, Олон улсын атомын энергийн агентлаг болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын байгууллагын сонгуулиудад мөн бие биеэ харилцан дэмжиж ирснийг сайшаав.
  • Хоёр улс олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, цаашид НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, ШХАБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
  • Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон Казахстан Улсад НҮБ-ын ивээл дор болох Уур амьсгалын асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад тус тус дээд, өндөр түвшинд оролцохоо илэрхийлэв.
  • Хоёр улс нүүрсхүчлийн хийг саармагжуулах буюу тэглэх гэсэн нийтлэг зорилтыг төрөл бүрийн арга замаар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Улмаар эрчим хүчний салбар дахь хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны төслүүд, хоёр улс хоорондын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч буйг Талууд сайшаав.
  • Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Казахстан Улс дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тус санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Цаашид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр улсын хүчин чармайлтын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Талууд санал нэгдэв.
  • НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чухалчлан үзэж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа Талууд илэрхийлэв.
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиров.
  • Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэж, энэ хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж буйг өндрөөр үнэлэв.
  • Монгол Улс Казахстаны олон талт тусгай байгууллага болох Олон улсын биологийн аюулгүй байдлын агентлаг (IABS) байгуулах санаачилгыг сайшаан тэмдэглэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-ын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцааны шинэ түүхэн хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Казахстаны төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхийг урив.