Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.10.30 12:09
2646
Ашиглалтын хугацаа нь хэтэрсэн ТЭЦ-3 тэтгэвэртээ гарахад ойрхон байна

Төрөөс цахилгаан, дулааны үнийг хатуу барьж ирсний горыг сүүлийн жилүүдэд бид хүртэж буй. Үе үе станцууд доголдож, тогны  хязгаарлалт хийж , уурхайнууд хаалгаа барихдаа тулж, тэтгэвэртээ гарах дөхсөн станцууд оргил ачааллын үеэр “халуундаа дэмийрч” цаашид энэ хэвээр ажиллахад хүндрэл үүсээд удаж буй.

3-р цахилгаан станц нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувийг хангадаг. Гэвч эхний үйлдвэр 1968 онд ашиглалтад орсон, хүнээр тооцвол 56 насыг зооглож буй. Амбасан үед ашиглалтад орсон үйлдвэрийн тоног төхөөрөмж эхнээсээ олдохоо байж, зарим үед "монголчилдгоо" хэлж байлаа. 

Хүнээр тооцвол өдий настай “буурлыг” эмнэлэгт үзүүлж, шат шатны арга хэмжээ авч, үзлэг шинжилгээнд хамруулж байх ёстой. Гэвч цахилгаан станцуудад шаардлагатай бүрэн засвар хийж ирсэнгүй.

 ДЦС-3-ын ерөнхий инженер  Н.Чимэддорж: Дулааны гуравдугаар цахилгаан станцын үндсэн тоноглолууд нь 2023-2024 оны өвлийн ачааллын үеэр 120 хоног тасралтгүй ажилласан. Энэ нь эрсдэл үүсгээд байна. Зуух 60 хоног яваад урсгал засвар хийх ёстой. Энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцож байгаа юм. Энэ онд мөн өвлийн ачаалал адил байна. Хэрвээ дулааны гуравдугаар цахилгаан станцад эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 мегаватт, Улаанбаатарын төвийн дулааны 31%, 47 уур авч байгаа хэрэглэгчид цахилгаан, уур, дулаангүй болно гэсэн үг. Тиймээс энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд бид бэлтгэлээ хангаж байна.

Бид 220 тонн уур үйлдвэрлэдэг уурын зуухыг 13,6 тэрбум төгрөгөөр засах ёстой. Гэтэл бид өнөөдөр 5,9 тэр төгрөгөөр л засаж байна. Бидэнд олдож байгаа хөрөнгө энэ л байна. Тиймээс хэсэгчилсэн засвар хийгээд өвлийн ачаалалд оролцох нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй юм” гэлээ.

58 жилийн настай Дулааны 3-р цахилгаан станц 13 зуух, есөн турбин генераторуудтай. Үүнээс есдүгээр турбиныг 2015 онд шинэчилсэн. Харин бусад нь ашиглалтын хугацаагаа хэтрүүлж, үйлдвэрлэлийн заасан хугацаа болох  220 мянган цагаас дээш ажилласан, нэг турбин цаашид хэвийн ажиллах боломжгүйн улмаас улсын байцаагч акт тавьжээ. Үлдсэн найман турбин ч хэзээ мөдгүй задрахад бэлэн, ажиллах ёстой цагаараа үүргээ гүйцэтгээд дуусчээ. Уг нь санхүүжилт байсан бол ядаж нэг турбины нөөцтэй байж, эвдрэл гэмтэл гарсан үед нөөцөө ашигламаар байгаагаа хэллээ. Гэвч нөөцлөх нь байтугай тултал нь, ашиглалтын хугацааг нь хэтрүүлээд байгаа ТЭЦ-3 хэзээ мөдгүй тэтгэвэртээ гарахад ойрхон байна. 

“ТЭЦ-3” Засвар хяналтын албаны дарга Ц.Батмагнай" Нэг зуух гэхэд 220 тонн цаг уур үйлдвэрлэх хүчин чадалтай. Турбин цэг нь бол 140 МB-ийн цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. 25 МB-ийн 4 турбин, 50 MB-ийн нэг турбинтай цех ажиллаж байна. Хамгийн анх 1968 онд станцын хамгийн анхны зуух эрчим хүчээ үйлдвэрлэж эхэлсэн. Үндсэндээ 56 жил болсон гэсэн үг. 

Үндсэн тоноглолуудын металлуудын насжилтын асуудал, ажиллах параметр, температур, даралтаасаа хамаараад бүгд насжилттай. 

Металлын насжилт дуусаж байна гэж ярьж байгаа учир нь доторх жигд тарсан бүтэц нь өөрөө задраад тэр хэмжээний өндөр температур дааж чадахгүй аюултай нөхцөл бүхий байдал л үүсчхээд байна гэсэн үг” гэлээ.

Нөхцөл байдал яагаад ингээд тартагтаа тулчихав гээд харвал эрчим хүчийг 280 төгрөгөөр үйлдвэрлээд 145 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэж байгаатай холбоотой. Орчин цаг үед үйлдвэрлэсэн өртгөөс нь ч хямд үнээр борлуулдаг бизнес олоод ир гэвэл эрчим хүчээс өөр салбар олдохгүй болов уу. Эрчим хүчний үнийг төрөөс хатуу барьсантай холбоотой дулааны станцууд дампуурахдаа хүрч, ажилчдынхаа цалинг зээлээр тавихад хүрчээ.

Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа ч эсрэгээрээ эх үүсвэр талдаа сүүлийн 30 жил ярихаас өөрийг бид хийгээгүй. Иймээс эрчим хүчний зах зээлд шинэчлэл, үнэ ханшны реформ хэрэгтэй байна. Эрчим хүчний салбарын алдагдал тартагтаа тулсныг иргэд харин ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.