Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.10.30 14:36
1752
Тогны үнэ өссөнөөр айл өрхийн санхүүд ямар өөрчлөлт гарах вэ?

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний үнэ тарифийн асуудлыг хэлэлцэж, эрчим хүчний салбарыг аврахын тулд үнэ нэмэхээс өөр гарц байхгүй талаар мэдээллээ. Учир нь өнөөдрийг хүртэл энэ салбарт шинэчлэлийн салхи ороогүй, 2019 онд гэхэд 59 тэрбум төгрөг, 2020 онд 88.1 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум , 2022 онд 187.4 тэрбум, 2023 онд 98 тэрбум, энэ жил буюу 2024 онд 203 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төсөөлөлтэй байна.

 Эрчим хүч, дулааны үнийг хэдэн хувиар хэрхэн нэмэх олон хувилбар яригдаж буй. Тэгвэл тэдгээр хувилбар дундаас хэрэгжих боломжтой хамгийн ойрхон хувилбар нь тогны үнэ 29.6 хувиар нэмэх буюу өөрийн үндсэн өртөгт нь хүргэх , дулааны үнийг 85.9 хувиар нэмэх буюу 62.96 төг/Гкал нэмэх саналыг ЭХЗХ-оос гаргажээ.

Цахилгааны үнийг нэмэхдээ эрчим хүчний хэрэглээгээр үе шаттайгаар нэмэх саналтай байгаа юм байна. Тодруулбал 150 Квт.ц хүртэлх хэрэглээтэй айл өрхийн үнэ 175 төгрөг, 150 Квт.ц-аас илүү хэрэглээнд үнэ үе шаттайгаар өссөөр 300 Квт.ц-аас дээш хэрэглээтэй бол эрчим хүчний үндсэн өөрийн өртгөөр буюу 280 төгрөгөөр худалдаалах саналыг гаргажээ.

Одоогийн эрчим хүч, дулааны үнийг айл өрхийн орлогод эзлэх хувиар нь авч үзвэл халаалтын бус улиралд 2.2 хувь, халаалтын улирал буюу хүйтний үе 3.1 хувийг эзэлж байна. Харин дээрх тооцооллоор үе шаттайгаар нэмснээр өрхийн орлогод эзлэх хувь 3.5-5.4 хувьд хүрэх тооцооллыг гаргажээ.

Цахилгааны үнэ ирэх сарын 1-нээс нэмэгдсэнээр айл өрхийн тогны одоогийн төлбөрт ямар өөрчлөлт орохыг тооцож үзье.  50 хүртэлх ам метр талбайтай дөрвөн ам бүл айл дунджаар 220 Квт.ц хэрэглээтэй гэж үзвэл одоогийн үнэ тарифаар 36 мянган төгрөг гардаг бол тогны мөнгө 52 мянга болж өөрчлөгдөнө. Эрчим хүчний дундаж хэрэглээтэй нэг айл өрхөд үнийн өөрчлөлт дунджаар 14-15 мянган төгрөгийн нэмэгдэл болж очихоор байна.

Айл өрхийн тооцоонд ийм хэмжээний өөрчлөлт гарах ч эрчим хүч их хэрэглээтэй албан байгууллагад өөр үнэ тариф ашиглана. Тэгэхээр ААН байгууллагын бараа бүтээгдэхүүний суурь үнэ өсөх нь гарцаагүй. Гэвч орчин цагт зардлаасаа ч бага үнээр борлуулалт хийж, алдагдалд орох хувийн байгууллага байна уу гэвэл эрчим хүчээс өөр олдохгүй. 

Мэдээж хэн ч илүү зардал гаргахыг хүсэхгүй. Гэхдээ эрчим хүчийг үндсэн үнээс нь ч бага өртгөөр худалдаж аваад, эрчим хүчийг салбараар нь  уналтад оруулж, улс даяараа лаа бариад суухыг хүсэхгүй байна.