Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.10.31 14:26
989
Шинэ салхи оруулснаар сэргэн мандана гэтэл сахил хүртээд шал дордов гэгч болох нь!

УИХ-ын намрын ээлжит Чуулган өнөөдөр өглөө 10 цагт эхэлж, 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн талаар болон Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Тэгвэл 126 гишүүнтэйгээр бүрэлдсэн парламентын 30 гишүүн нэгдсэн хуралдаанд ирээгүй байгаа юм. Үүнээс Т.Аубакир, Э.Бат-Амгалан, П.Батчимэг, А.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Заяабал, Н.Наранбаатар, Ц.Туваан, Б.Тулга нарын гишүүд гадаад томилолттой хэмээн бүртгүүлжээ. Х.Болормаа, Ж.Ганбаатар, Б.Пунсалмаа нар эмнэлгийн чөлөөтэй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Р.Сэддорж нар хувийн чөлөө авсан байна.

Харин Н.Алтаншагай, Х.Баттулга, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Л.Гантөмөр, Б.Жавхлан, Д.Жаргалсайхан, С.Лүндэг, Д.Үүрийнтуяа, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Р.Эрдэнэбүрэн нар ямар нэгэн чөлөө, томилолтгүй ч ирцээ бүртгүүлээгүй буюу Чуулганы нэгдсэн хуралдааныг тасалжээ! Эдгээр нь зөвхөн албан бүртгэлтэй нэрс бөгөөд ирцээ бүртгүүлчхээд гараад явчихсан, суудлын бөглөөс хийж унтаа сэрүүний хооронд яваа гишүүдийг ч бас мартаж болохгүй юм.

Угтаа бол Үндсэн хуульд салхи оруулж, олон намын тогтолцоотой болсноор улс орны хөгжил сэргэн мандана, УИХ-ын гишүүд олон болсноор сөрөг хүчин сөрж тэмцэнэ гэх мэт гоё ганган үгсээр иргэдийн чихэн дээр цэцэг ургуулах шахам болж энэ парламент бүрдэж байв. Гэвч начир дээрээ сахил хүртээд шал дордов гэгчээр эгээ л өнөөх 76-гаасаа ч урагшгүй "126" бүрэн эрх, халдашгүй байдлын хатавчинд хамгаалагдсаар дөрвөн жилийг үдэх вий гэх болгоомжлол эрхгүй төрж байна.

Хамтарсан Засгийн газрын хаалганы ард нуугдсан Ардчилсан нам, ХҮН намыг хаяя гэхэд өндөр хүлээлттэй байсан Үндэсний эвслийнхэн, ялангуяа тэдний тэргүүн Н.Номтойбаяр, Иргэний зориг ногоон намынханд хүлээлгэсэн иргэдийн итгэл хаа хүрч алдрах вэ гэдэг асуудал ч мөн энд хөндөгдөж байгаа юм.