Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.01 08:31
3507
Төсвийн зарлагаа бууруулах амлалт өгсөн намын ах нар амлалтаасаа ухарч байна !

2024 оны УИХ-ын сонгуульд дэвшихдээ ард иргэддээ төсвийн үрэлгэн зарлагыг бууруулна хэмээн амласан намын ах нар амлалтаасаа ухарч байна. Ардчилсан нам, Ардын нам, ХҮН нам гурав эвсэн нэгдэж 22 сайд, 16 яамтайгаар хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Тэд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурсан. 

Эдийн засгийн бодлогыг хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон ажиллах нь эн тэргүүний зорилго болгож байсан боловч 2025 оны төсвөөс харахад үргүй олон зардал их байгааг нэр бүхий гишүүд, мэргэжлийн байгууллагууд, олон нийт шүүмжилж байна.

Мэдээж урагшлуулах нэн шаардлагатай олон төсөл, хөтөлбөр бий. Эхний удаад хойш тавьж болох зардлуудаа танах нь татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг багасгахгүй юм гэхэд нэмэхгүй байх боломж байна. 

Төсвийн тэлэлт үнийн өсөлт, валютын ханшийн дарамтыг улам идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ гэдгийг эдийн засагчид ч ам нэгтээ хэлж байгаа. 

Өнгөрсөн жилийн улсын зарлага 20 их наяд байсан бол энэ жил 30 их наяд гарахаар байгаа юм. 

Тэдний амлалт: МАН: Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна.

АН: Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана.

ХҮН: Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэвч энэ байдлаараа ирэх онд татвар татаас, шимтгэл буурна гэдэг өнөөх л үлгэрийн далай бололтой. 

Хамтарсан засгийн газар байгуулна гэдэг нь албан тушаал хуваалцахыг хэлэх үү? эсвэл ард түмнийхээ сайхан амьдралын төлөө хэн нэг нь амаа үдүүлэхгүй үнэн шударгаар ажиллахыг хэлэх үү?