“Мэдээж уран хоол биш учраас ууж идвэл хортой, хортой. Гэхдээ ураныг ууж идэх гэж олборлодоггүйг хэзээ ойлгох ард түмэн бэ?”… Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр нэгэнтээ ийн эгдүүцэж байв. Цөмийн салбараар мэргэшсэн физикч хүний аргаа барсан л байр суурь. Өөрийг нь агентлагийн даргаар ажиллах байх үед нь 21 бяруу гэнэт үхсэнийг нэр бүхий эмч урантай холбоотой гэж хэлснийг хамгийн сайн мэдэх хүн учраас, хоёр толгойтой тугал, эрүүгүй ишиг, сохор ботго, явж чадахгүй төл гарч эхэлсэн гэх цуурхал байсхийгээд тархаж, тараадаг болохоор ийн бухимдсан байж болох.
Ерөөс УИХ, Засгийн газрын түвшинд ураны асуудал хөндөхөөр малчдын төлөөлөл гэсэн “пайз”-тай нэгжээд хүн хэвлэлийн хурал зарлаж, амь ордог нь бараг хууль юм шиг мөрдөгдсөөр 10 гаруй жил өнгөрчээ. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Дорноговь аймагт өөрөө очиж, нөхцөл байдалтай танилцаж байсан нь 2013 он. Уг мэргэжил нь физикч, басчхүү их сургуулийн багш хүн явсан тэрбээр уран тойрсон асуудлаар бусдаасаа хавь илүү ойлголттой, сайн гадарлах нэгэн. Гэхдээ л Засгийн газрын тэргүүний хувиар Дорноговь аймагт ажилласан албан томилолтын үеэр өнөөх хоёр толгойтой тугал олдоогүй.
Эсрэгээрээ Улаанбадрах суманд уранаас болж мал амьтан хорогдоогүй, нутгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлт илрээгүй болохыг лабораторийн эцсийн дүгнэлт баталсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө амаар мэдэгдэж байлаа. Бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага нь ч зохих стандартын хэмжээнд байгааг эл дүгнэлтэд дурдсан нь одоо ч бий. Ингэж л уранаар дамжсан нэг хэсгийн хардлага, эргэлзээ бас болгоомжлол нийтийн дунд намжсан түүхтэй. Малчдаар дамжуулж Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцдэг Б.Цэгмид, “Босоо Хөх Монгол” тэргүүтэй тэрхүү бүлгийнхэн ч эрчим хүчний шинэ эх үүсвэр бүхий цахилгаан станц тэргүүтэй гадаадын хөрөнгө оруулалттай дараагийн төсөл, хөтөлбөр рүү буйр сэлгэж, өөр нэгэн шалтаг, шалтгаан олох ээлжит “ав”-даа мордсон юмдаг. Гацаасан нь ч бий, гаднын нөлөөгөөр гацаасаар өдийг хүрсэн нь ч бас байна. Гагцхүү тэдгээрээс, он цагийн хэлхээсээр нь хөөж үзвэл 26 жилийн турш хамгийн хүлээцтэй хэрнээ тэсч үлдсэн цорын ганц төсөл нь Францын “Орона” группийн хөрөнгө оруулалттай Дорноговь аймагт хэрэгжүүлж буй ураны төсөл.
Гараанаас хамт хөдөлсөн Казахстан гэхэд 2005-2006 онд тогтвортой олборлолтоо эхлүүлж, өдгөө дэлхийд тэргүүлэгч улс болтлоо томорчээ. Зөвхөн ураны олборлогч байгаад зогсохгүй атомын цахилгаан станц барих гэж буйгаа зарласан нь саяхан. Үндсэндээ улс төрийн тогтворгүй байдал, иргэдийн мэдээлэлгүй, мэдлэггүй оюун санаанд туйлсан дотоодын болон гаднын захиалга, зааварчилгаатай эсэргүүцлийн цаана Монгол Улс энэ салбарт дэлхийд монополь болох боломжоо алдаж, хөгжлөөс даруй 26 жилээр хоцорчээ. Үр дүнд нь дөрвөн уулынхаа дунд бүгсэн нийслэл нь агаарын бохирдол гэсэн халаглалын таних тэмдэг болж, Монгол Улсын баруун бүс нь эрчим хүчний хараат байдалтайгаа хэдэн арван эвлэрч ирэв. Алдагдсан боломжийн өртөг гэдэг эргээд нөхөгдөхгүй, нөхөх ч боломжгүй учраас алдаанаасаа сургамж аваад урагшлах нь бидэнд хэрэгтэй, ирээдүйд дэмтэй.
Яг ийм агуулгаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Их долоо”-гийн уулзалтаас анх удаагаа Улаанбаатарт шууд ирж Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас салахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа мэдэгдсэн нь 2023 оны тавдугаар сар. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийсэн албан ёсны айлчлалын үеэр шууд Монголын Засгийн газар, “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд хоёр тал гарын үсэг зурснаар уран олборлох асуудлыг 17 жилийн дараа төр, засгийн түвшинд эцэслэсэн юм. Гэдэг нь 1997 онд хайгуулын ажлаа эхлүүлж асан “Орона” групп 2006 онд “Дулаан-Уул”, 2010 онд “Зөөвч-Овоо” ордыг илрүүлснээр 100,345 тн ураны нөөцтэйгөөр бүртгэгдээд байгаа юм. Дэлхийд хамгийн томд орох 10 том ордын нэгийг аль 2010 онд илрүүлсэн хэрэг.
Эл үеэс хойш дотоод, гадаадын дам эсэргүүцэлтэй нүүр тулж, хоёр толгойтой тугал хүртэл “эх барьсан”-аа иргэдийн ой тоонд шигтгэж явсаар хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсоноор уран тойрсон хардлага, эсэргүүцэл ул болж, ирэх оноос үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх нь цаг хугацааны л асуудал болов. Хоёр тал Хөрөнгө оруулалтын гэрээгээ энэ ондоо багтааж баталж гэмээн Монгол Улс олборлох үйлдвэртэй болоод зогсохгүй баруун болон зүүн цэгээрээ 40 км-ээр алслагддаг Казахстантай ураны нийлүүлэлтээр бодит өрсөлдөгч нь болно гэсэн үг.
“Африкаар дүүрэн шар нунтаг гаргаад ядуурчихсан орон дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай. Энэ тэнэглэлээ зогсоо” гэж С.Ганбаатар гишүүн УИХ-ын индрээс мэдэгдэнэ лээ. Үнэхээр Африкаар дүүрэн шар нунтаг гаргаад ядуурчихсан юм бол зэргэлдээ Казахстан дэлхийд том тоглогч болоод зогсохгүй Азидаа хөгжлийн загвар улс болж томров. Хариулт нь маш энгийн. Уран тэргүүтэй байгалийн баялгаа нээлттэй бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад ашиглуулж, түншилсний үр дүн. Тэдгээр Монголын мөнхийн хөрш ОХУ, БНХАУ ч багтдаг. Гаднын нөлөө, дотоодын улс төр, популизмаа хязгаарлаж, хөрөнгө оруулагчдад боломж олгосны л бодит жишээ. Үүнийг УИХ-д гуравдахиа сонгогдон ажиллаж С.Ганбаатар гишүүн мэдэхгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Өөрөөр хэлбэл, байгалийн баялагт дөрөөлж олон нийтээс оноо цуглуулах гэсэн хувь хүний богино зайны улс төр. Түүгээрээ ч олон жил “амьдарлаа”. Одоо ч тэр хэвээрээ л явна.
Өөр нэг асуудал бий нь уран олборлож, ашиглах төдийд л хөрс сэндийчэж, гүний усыг ховх сорно гэх эргэлзээ. Эргэлзээ гэхээсээ төөрөгдөл. Иргэд төдийлөн мэдээлэлгүй байгаагийн илрэл. Ганц үнэн гэвэл уран олборлоход газар ухахгүй, хүнд машин, механизм ажиллуулж хүрээлэн буй орчинд тоосжилт үүсгэхгүй. Газар доорх усан олборлолтын технологийг ашиглана. Ураны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Казахстанд ч энэ технологийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, газрын гүн рүү цооног байгуулж, ус соруулсныг тусгай зориулалтын саванд шилжүүлэн боловсруулах замаар хүхрийн хүчилтэй хольж, уран олборлодог технологи. Газрын гүний хоёроос гурван давхрагын дор буй хатуу хэлбэрт байгаа ураныг хүхрийн хүчил уусгасан усанд шингээж соруулсны дараагаар ялгаж авах процесс үргэлжилдэг.
Хайгуул хийхээс эхлээд уран олборлож, үйлдвэрлэлийн шат дамжлага руу шилжүүлэх бүх үйл явц нь байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй энэ технологийг энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд ашигладаг. Хөрсний хуулалт хийдэггүй, давхаргын усыг шавхдаггүй, хүрээлэн буй орчиндоо ямар ч хор хөнөөлгүй суурилуулсан цооногоороо дамжуулдаг учраас өртөг багатай. Жишээ нь, “Зөөвч-Овоо” ордод 145-155 метрийн гүнд зургаан цооногийг байрлуулж, 18 сарын хугацаанд туршилтын олборлолт явуулжээ. Нутгийн иргэд, хүн, малын ундаалдаг хөрсний давхаргын бус түүнээс доош хамгийн багадаа 140 метрийн гүнд байгаа ашиглах ямар ч боломжгүй эрдэсжилт өндөртэй усыг үйлдвэрлэлд хэрэглэсэн нь энэ. Ашигласан усандаа дахин хүхрийн хүчил хийж цооногоор дамжуулан буцааж уранаа уусгаж, эргэлдүүлэх процессыг тасралтгүй явуулдаг болохоор хаягдал гарахгүй. Яг ийм зарчмаар усаа дахин ашиглаад явах хэрэг. Бусад уул уурхайд ашигладаг технологитой харьцуулахад байгаль нь ашиглахад ямар байсан олборлолт дуусахад унаган төрхөөрөө л үлдэнэ.
Онцлоход ураны туршилтын олборлолт явуулсан нэг жил, зургаан сарын хугацаанд хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн нөхцөл байдал илрээгүй. Тэнд ажиллаж байгаа 104 ажилтнуудад ч мөн адил. Уран хортой юу гэвэл хортой. Гэхдээ 96 хувь нь монголчууд, 30 хувь нь орон нутгийн иргэдээс бүрддэг “Бадрах Энержи” компани туршилтын олборлолт явуулсан 18 сар хугацаанд тэндэхийн ажилтнууд хордож, түрүүчээс нь цацрагт идэвхит бодис илрэх хангалттай цаг үе. Хоёр толгойтой тугал ч хэдэн арваараа гарч, аймаг, сумын биш улсын хэмжээний асуудал болтлоо томрох байв. Гэвч тэгсэнгүй, тийм зүйл ч болсонгүй. Эсрэгээрээ Улаанбаатар Парис хоёрын хооронд хоёр удаа зорчих хэмжээний буюу маш бага цацраг илэрснийг хэд хэдэн удаагийн лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл, байгалийн уран нь альфа цацраг ялгаруулах хэмжээний төлөв байдалд байдаг аж. Энэ нь бичгийн цагаас цаасыг ч нэвтэлж чадахааргүй үзүүлэлт.
Тэгэхээр уран олборлолтоос улбаатай хоёр толгойтой тугал, гурван хөлтэй ишиг тэргүүтэн нь зүгээр л хэн нэгний бодож олсон, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн зохиомол дэгсдүүлэлт төдий юм. Үнэхээр хүн, мал нь хордож, байгаль орчин нь сүйтгэгдсэн бол тогтвортой олборлолт явуулсан 2005-2006 онд Казахстаны иргэд эсэргүүцэж, босоод бараг Төрийн эргэлт хийчихсэн л байгаа. Улсынх нь хөгжилд хэрэгтэй, дэмтэй болоод л тэнд олборлогчоос үйлдвэрлэгч рүү шилжихээ зарлаж, атомын цахилгаан станц барих тухай яриад сууж байна.
Байгалийн уранаас гаргаж авсан 100 грамм шар нунтаг нэг вагон буюу 60 орчим тн нүүрснээс эрчим хүч гаргаж авахтай тэнцдэг гэж үзвэл уг төсөл стратегийн ач холбогдлын хувьд ямар үр ашигтай гэдэг нь ойлгомжтой. Цаашлаад Оюу Толгойтой дүйх хэмжээний “Гуравдагч хөрш”-ийн, тэр дундаа цөмийн зэвсэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны нэг Францын Төрийн өмчийн “Орона”-тай албан ёсоор түншлэх нь БНХАУ, ОХУ гэсэн хоёр их гүрний дунд оршин буй Монгол Улсад дараа дараагийн томоохон хөрөнгө оруулалт орж ирэх бодит баталгаа болно. Том тоглогч болох түүхэн шийдвэрийн өмнөх процесс ийнхүү үргэлжилж байна.
Эцсийн шийдвэрийг УИХ дэнслэх нь үнэн ч өнөөх Б.Цэгмид тэргүүтэй цогтой, галтай, мятрашгүй тэмцэгчид “амилах” нь, эсэргүүцэх нь цаг хугацааны л асуудал юм. С.Ганбаатар гишүүн ч ганцаараа шахуу УИХ-ын индэр ашиглаж эсэргүүцэж зогсоогийн ард хэн нэгний эрх ашиг яваа тодорхой. Гэлээ гээд улсынхаа хөгжлийн дахин 10, 20 жилээр гацааж, зогсоох нь нэгжээд хэсэгт ашигтай, нийт монголчуудад хохиролтойг эрх биш хаа хаанаа гадарлаж, учирладаг болсон нь өөрөө дэвшил юм. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн олонхи нь бодит байдлаа хүлээн зөвшөөрч, 2009 оноос хойш хуулийн хоригтой явж ирсэн асуудлыг хүлээн зөвшөөрч, ураныг ажил хэрэг болгож, эдийн засгаа солонгоруулах, "Гуравдагч хөрш"-ийн хоёр дахь томоохон хөрөнгө оруулалт Монгол Улсад хэрэгтэйг онцолж буй нь сайны л дохио!
Uzeg.info С.Сүлд