Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.01 17:40
4464
Оюутнууд оюутны байранд танил талгүй бол орж чаддаггүй

Хүн амын ихээхэн төвлөрөлтэй Улаанбаатар хотод 88 их дээд сургуулийн 136.000 гаруй оюутнууд суралцдагаас 80 орчим мянга нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг байна.

Эдгээр оюутнуудад зориулсан 71 оюутны байранд 10 мянган гаруй  оюутан хүлээн авах чадалтай бол бусад тохиолдолд оюутнууд гадуур байр түрээсэлж амьдардаг ажээ.

Их хотод 1 өрөө байрны сарын түрээс дунджаар 900.000- 1.800.000, хажуу өрөө 450.000-900.000 түрээслэгддэг бол оюутны байрнууд жилийн 600.000-1.700.000 төгрөг байдаг.

Тэгвэл Монгол улсад их сургуулийн төлбөр жил бүр нэмэгддэг энэ үед өндөр түрээстэй байранд амьдрах боломжгүй оюутнууд танил тал арын хаалгагүй бол оюутны байранд ч орж чаддаггүй талаараа ярьж байлаа.

МУБИС-ийн оюутан А: Оюутны байрандаа багтаж орсон ч цагийн ажил хийж чадахгүй, дуу чимээ ихтэй, жоомтой учраас амьдрах орчин таагүй байдаг.

АШУҮИС-ийн оюутан Д: Оюутны байр төлбөр боломжийн ч зай талбай бага, нийтийн халуун ус, угаалгын өрөөтэй жижиг талбайд 1 өрөөнд дөрвүүлээ амьдрах нь сул талтай,  тав тухгүй байдаг гэсэн юм.

МУИС-ийн оюутан Н-ийн хувьд “Би МУИС-ийн 6-р байранд байдаг. Шал нь дугардаг цөмөрдөг, амны ус өнгөтэй гардаг, бөглөрдөг угаалгын машин, хөлдөөгч хүрэлцдэггүй, жоом бясаатай” гээд асуудлыг тоочоод байвал дуусахгүй хэмээн тус тусын байр сууриа илэрхийлж байлаа.

Эдгээр оюутнуудын ярианаас үзэхэд оюутны байран дахь нөхцөл байдал ихээхэн асуудалтай ч төлбөр нь түрээсийн байрнаас арай хямд учраас танил талаараа яриулж, эс бөгөөс арын хаалгадаад ч хамаагүй орохыг зорьдог байна.

Тэгвэл оюутнууд олон улсын стандарт жишигт хүрсэн байр барьдаггүй юм аа гэхэд төлбөрийн уян хатан нөхцөлтэй, ядаж жоом бясаагүй байранд сурч хөгжих үе хэзээ ирэх вэ гэсэн асуултын тэмдэг тээж яваа суралцагчдаас боловсролын чанар шаардах нь нэг талаараа өрөөсгөл мэт...