Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 07-ны өдөр гарсан захирамжаар 543 айлд газар олгох журам батлагдаж, анх удаа газар авах гэж буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн тодорхой бүлэгт газар олгохоор болсон. Захирамж гарснаас хойш журмын дагуу хандсан иргэдийн газрын өргөдөлд хариу өгдөггүй, шийдвэрлэдэггүй асуудал үүсэж эрх мэдэл, албан тушаал бүхий хүмүүст газрыг олгож байна гэсэн асуудал нийгмийн сүлжээнд тавигдсан.
Уг асуудлын хүрээнд “Газраа авъя, аваръя” хөдөлгөөн байгуулагдаж иргэд нам эвсэл үл хамааран нэгдсэн байна. Ийнхүү ажлын хэсэг 1994 оноос хойш гучин жилийн дараа газрын сонсгол хийж шалгалтын үеэр илрүүлсэн баримт материалыг нийтэд мэдээлсэн.
Сонсголын үеэр Мөрөн суманд олгогдсон 100 айлын газар огт бичиг баримт материалгүй хэн нэгний нэр рүү шилжсэн байгааг шалган илрүүлжээ. Өөрөөр хэлбэл газар олгох журмын дагуу материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн өргөдөлд хариу өгч шийддэггүй хэр нь ганц ч өгүүлбэр бичиж өгөөгүй 100-н иргэнд хууль бусаар газар олгосон гэнэ.
Мөн Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газар олголтыг /2016-2024 оны 7,8 дугаар сар хүртэл / шалгахад 195 зөрчил, цаашлаад орон нутгийн гол газруудыг эрх мэдэлтнүүд эзэмшиж авчхаад Аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтыг зөвшөөрөлгүйгээр өөрчилж газрын хэмжээг томруулах, мод үржүүлгийн газрын зориулалтаар олон га газар авч зориулалтыг өөрчлөн орон сууц, хаус, үйлчилгээний газар барих, нутгийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүр нээх нэрээр авсан газраа дамлан наймаалсан хэрэг хүртэл илэрчээ.
Эдгээр зөрчлийг тус хугацаанд аймгийг засаглаж байсан 4 хүн, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон дарга, бусад холбогдох хэлтэс агентлагуудын шийдвэрээс үүссэн асуудал хэмээн үзэж 2023 оны 11 дүгээр сард авлигатай тэмцэх газарт өгсөн боловч шалгалтын хариу гараагүй бүтэн жилийн нүүрийг үзэж байгааг “Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ хэлж байна.